7 дугаар зүйл. Биеийн тамир, спортод эрхэмлэн баримтлах ёс зүйн хэм хэмжээ
7.1.Тамирчин, дасгалжуулагч, шүүгч, ажилтан, арга зүйч нь оюун ухаан, бие бялдар, ёс суртахууны зөв хандлагатай бүтээлч иргэн, идэвхтэй амьдралын дадал хэвшилтэй гэр бүлийг төлөвшүүлэхэд дараах ёс зүйн нийтлэг хэм хэмжээг сахин мөрдөнө:
7.1.1.хүн хүнээ хүндэтгэх, нөхөрсөг зан харилцаа, хүний зан үйлийн сайн чанарыг дээдлэх;
7.1.2.хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, үзүүлсэн амжилт, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэндийн байдлаар нь ялгаварлан гадуурхахгүй байх;
7.1.3.сэтгэл зүй, бие бялдар, ажил мэргэжил, бэлгийн дарамтыг биеэр, үг хэлээр болон цахимаар үзүүлэхийг цээрлэх;
7.1.4.спортын талбарт шударга бус өрсөлдөөнөөс ангид байж, аливаа авлигын саналыг бусдаас хүлээн авахгүй, бусдад тавихгүй, шударга бус үйлдэл, эс үйлдэлтэй үл эвлэрэх;
7.1.5.өөрийн ур чадварыг байнга дээшлүүлж, үзүүлсэн амжилт, ололтоо бататган, тухайн мэргэшсэн спортын төрлөө хөгжүүлэхэд манлайлан оролцох;
7.1.6.нийгэмд биеэ зөв боловсон, соёлтой авч явах талаар үлгэр дуурайлал үзүүлэх;
7.1.7.олимпизмын үзэл санааг дэмжиж, гадаад, дотоодын аливаа тэмцээн, наадамд оролцохдоо эх орон, баг, хамт олныхоо нэр хүндийг ямагт эрхэмлэх;
7.1.8.улс төрийн хувьд төвийг сахиж, аливаа нөлөөллөөс ангид байх;
7.1.9.бусдын нэр төрийг гүтгэн гутаах, доромжлох, баримтгүйгээр мэдээ, мэдээлэл нийтэд тараахгүй байх, хувь хүний нууцад халдахгүй байх;
7.1.10.Монгол ёс заншлыг дээдэлсэн, ашгийн бус, өсвөр үе, ахмад настан, нийгэмд чиглэсэн хүмүүнлэгийн үйлсэд өөрийн биеэр оролцон, хүний мөн чанар, ёс жудгийг эрхэмлэн, амьдралын зөв дадлыг сурталчлан, нийгэмд эерэг нөлөөлөл, хандлага түгээж байх.
7.2.Энэ хуулийн 7.1-д заасан ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн тухай гомдлыг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Ёс зүйн зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
7.3.Энэ хуулийн 7.1-д заасан этгээд ёс зүйн зөрчил гаргасан бол Ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн ёс зүйн шийтгэл хүлээх хугацаанд мөнгөн шагнал, урамшуулал олгохыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гаргана.
БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН САЛБАРЫН УДИРДЛАГА, ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ