4 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
4.1.1."хотын албан татвар суутган төлөгч" гэж энэ хуулийн 7 дугаар зүйлд заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
4.1.2."хот" гэж Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 4.1-д заасан нийтийн эрх зүйн этгээдийг;
4.1.3."зочид буудал" гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
4.1.4."амралтын газар" гэж байнгын болон улирлын үйл ажиллагаатай, үйлчлүүлэгчийн тав тухтай амрах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.5."ресторан" гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
4.1.6."баар" гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг;
4.1.7."автомашин угаалгын газар" гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
4.1.8."авто үйлчилгээ үзүүлэгч" гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
ХОТЫН АЛБАН ТАТВАР ТӨЛӨГЧ, СУУТГАН ТӨЛӨГЧИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ