15 дугаар зүйл. Хархорум хотын Захирагч, түүний бүрэн эрх

ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Хархорум хотын Захирагч, түүний бүрэн эрх

15.1.Хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдлагаар хангах, хотын Зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлэх гүйцэтгэх удирдлага нь хотын Захирагч байна.

15.2.Хотын Захирагч бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.

15.3.Хотын Захирагч тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудастай байна.

15.4.Хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар, дүрмийг хотын Захирагч батална.

15.5.Хотын Захирагч Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн 30 дугаар зүйлд заасан бүрэн эрхээс гадна дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:

15.5.1.хот төлөвлөлт, газар зохион байгуулалтын баримт бичгийг боловсруулах, эрх бүхий этгээдээр батлуулах, хэрэгжилтэд нь хяналт тавих;

15.5.2.түүх, соёлын өвийг хадгалан хамгаалах, сэргээн засварлах, соёлын олон төрөлт үйл ажиллагаа явуулах, иргэд, олон нийтэд сурталчлан таниулах;

15.5.3.барилга байгууламжийн загвар зургийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу байгаа эсэхийг шалгах;

15.5.4.хот төлөвлөлтийн баримт бичиг, суурь судалгаа боловсруулах ажилд захиалагчийн хяналт тавих, батлуулах ажлыг зохион байгуулах;

15.5.5.хот төлөвлөлтийн баримт бичиг, бүсчлэлийн дүрэм, хотын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар ашиглуулах;

15.5.6.хот төлөвлөлтийн баримт бичигтэй нийцүүлэн барилга байгууламж, авто зам, замын байгууламжийн архитектур төлөвлөлтийг хянан зөвшилцөх, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тэдгээрийг байнгын ашиглалтад оруулах ажлыг зохион байгуулах;

15.5.7.хот төлөвлөлтийн баримт бичигт нийцээгүй барилга байгууламжийг барих, үргэлжлүүлэх, ашиглахыг зогсоох;

15.5.8.хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга байгууламжийн гадна засал /фасад/, өнгөний шийдэл, хаягжуулалтын загварыг тухайн гудамж, өргөн чөлөө, хотхон, хорооллын онцлог, байршил, архитектур, орон зайн зохиомж зэрэгтэй уялдаж байгаа эсэхийг хянах;

15.5.9.гудамж, зам, талбай, үл хөдлөх эд хөрөнгийг хаягжуулах, мэдээллийн системд бүртгэх;

15.5.10.хотын бүтээн байгуулалтад шаардлагатай инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн техникийн нөхцөлийг хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу холбогдох байгууллагын дүгнэлтийн дагуу олгох;

15.5.11.төсвийн хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаад улс, олон улсын байгууллагын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бүтээн байгуулалтад захиалагчийн хяналт тавих;

15.5.12.хот байгуулалтын орон зайн мэдээллийн системийг үүсгэж, түүний баяжуулалт, бүрдүүлэлт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах;

15.5.13.хотын өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэх;

15.5.14.бүтээн байгуулалтын явцад археологийн олдвор илэрсэн тохиолдолд хотын музейд бүртгэж байршуулах, томоохон байгууламжийн туурь илэрсэн тохиолдолд археологийн бүсэд хамруулах;

15.5.15.энэ хуулийн 10.5-д заасан журмын төслийг боловсруулж, Засгийн газарт хүргүүлэх.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.