18 дугаар зүйл. Хархорум хотын эдийн засгийн үндэс
18.1.Хотын эдийн засгийн үндэс нь улс, орон нутаг, хотын өөрийн хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгө, хотын өмч, татварын болон татварын бус орлого, төлбөр, хураамж, хот хөгжүүлэх сан, хотын дэд бүтцийн сангийн хөрөнгө, гадаад, дотоодын аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүний хандив, тусламж, ногдол ашиг болон хуулиар зөвшөөрөгдсөн бусад орлогоос бүрдэнэ.
18.2.Хотын эдийн засгийн чадавхыг бэхжүүлэх, бие даан хөгжих баталгаагаар хангах нь төр, орон нутгийн үүрэг бөгөөд энэ харилцааг энэ хууль, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.