26 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, цуцлах

ХАРХОРУМ ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ · хүчин төгөлдөр

26 дугаар зүйл. Тогтворжуулах гэрчилгээ олгох, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах, цуцлах

26.1.Хотод хэрэгжүүлэх төсөл нь Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 16.1.2, 16.1.3, 16.1.4-т заасан шалгуурыг хангасан тохиолдолд дараах хугацаагаар тогтворжуулах гэрчилгээг олгоно:

Хөрөнгө оруулалтын хэмжээ /тэрбум төгрөгөөр/ Тогтворжуулах гэрчилгээ олгох хугацаа /жилээр/ Хөрөнгө оруулалт хийж дуусах хугацаа /жилээр/ 5-10 хүртэл 4 2 10-30 хүртэл 6 2 30-50 хүртэл 8 3 50-100 хүртэл 10 4 100-200 хүртэл 12 5 200-300 хүртэл 14 6 300-аас дээш 16 6

26.2.Бүтээн байгуулалтын төсөлд 100 тэрбум төгрөгөөс дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийх хөрөнгө оруулагчтай түүний гаргасан хүсэлтийн дагуу үйл ажиллагаа явуулах орчныг тогтвортой байлгах зорилгоор хөрөнгө оруулалтын гэрээг Засгийн газрын эрх олгосноор хотын Захирагч байгуулж болно.

26.3.Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 19.1-д заасан болон хөрөнгө оруулалтын гэрээ, газар ашиглах гэрээнд заасан нөхцөлийг ноцтой зөрчсөн, гэрээг цуцлах үндэслэл үүссэн тохиолдолд бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулах гэрчилгээ, газар ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг нэг талын санаачилгаар цуцална.

26.4.Энэ хуулийн 26.3-т заасан үндэслэлээр бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулах гэрчилгээ, газар ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалснаас үүсэх хохирлыг хөрөнгө оруулагч тал хариуцна.

26.5.Бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлэх эрх, тогтворжуулах гэрчилгээ, газар ашиглах болон хөрөнгө оруулалтын гэрээг цуцалсан тохиолдолд хөрөнгө оруулагч талаас төсөл хэрэгжих талбайд оруулсан хөрөнгө оруулалтыг хөндлөнгийн эрх бүхий этгээдийн хийсэн үнэлгээнд үндэслэн төсөл бүрэн хэрэгжиж дууссаны дараа энэ зүйлийн 26.4-т заасан хохирлыг суутгасны дараах үлдэгдлийг хөрөнгө оруулагч талд буцаан олгоно.

26.6.Хөрөнгө оруулалтын гэрээнд заасан бол хотын бүтээн байгуулалтын хүрээнд хэрэгжих төслийн явцад бий болсон Оюуны өмчийн тухай хуулийн 3.1.1-д заасан оюуны өмчийг өмчлөх эрх хотын Захирагчид хадгалагдана.

26.7.Хотод үйл ажиллагаа явуулж байгаа хөрөнгө оруулагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, тэдгээртэй хамтран ажиллах зорилгоор хөрөнгө оруулагчдын төлөөллөөс бүрдсэн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийг хотын Захирагчийн дэргэд байгуулах ба уг зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг хотын Зөвлөл батална.

БУСАД ЗҮЙЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.