4 дугаар зүйл. Хархорум хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд баримтлах зарчим
4.1.Хотыг төлөвлөх, бүтээн байгуулах, түүний хөгжлийг дэмжихэд Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:
4.1.1.монгол үндэстэн, угсаатны уламжлалт үнэт зүйл, түүх, соёлын биет болон биет бус өвийг сэргээх, хадгалан хамгаалах;
4.1.2.түүх, соёлын дурсгалт газар, археологи, соёлын биет болон биет бус өв, байгалийн онцлог, нүүдлийн соёл иргэншилд түшиглэн олон төрөлт, тогтвортой аялал жуулчлалыг дэмжих;
4.1.3.бүс нутгийн тэнцвэртэй хөгжлийг хангаж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдсан, эдийн засгийн хувьд Хангайн бүсийн хөгжлийг дэмжиж, бие даан хөгжих боломжтой байх;
4.1.4.тогтвортой хөгжлийн зорилгыг хангах хөрөнгө оруулалтыг дэмжих;
4.1.5.хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, үйл ажиллагаа оршин суугчийн нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцсэн, нийгмийн үйлчилгээг тэгш, хүртээмжтэй хүргэх, хүмүүнлэг, олон төвт хотын тогтолцоог хөгжүүлэх;
4.1.6.дэвшилтэт технологи, инновацад суурилсан ухаалаг дэд бүтцийг хөгжүүлэх;
4.1.7.эрчим хүчний хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй технологийг дэмжих;
4.1.8.сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг дэмжих;
4.1.9.орчны аюулгүй байдлыг хангаж, гамшгаас урьдчилан сэргийлэх нөхцөлийг бүрдүүлэх;
4.1.10.Улаанбаатар хот болон бусад бүс нутагтай холбогдох зорчигч болон ачаа тээврийн сүлжээг хөгжүүлэх.