3 дугаар зүйл. Маргаан хянан шийдвэрлэх Цэцийн бүрэлдэхүүн
1.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу томилогдсон Цэцийн гишүүд хэрэгжүүлнэ.
2.Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны бага суудал 3, дунд суудал 5, их суудал 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй байна.
3.Цэцэд ирсэн өргөдөл, мэдээлэл, хүсэлтийг үндэслэн маргаан үүсгэх эсэх талаар Цэцийн гишүүний шийдвэрийн талаар гарсан гомдлыг З гишүүний бүрэлдэхүүнтэй; Цэцийн хуралдаанд оруулахаар маргаан үүсгэн шалгасан бүх асуудлыг анхлан шийдвэрлэх хуралдааныг 5 гишүүний бүрэлдэхүүнтэй; Цэцийн хуралдаанаас гаргасан дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй, урьд шийдвэрлэсэн маргааны талаар шинэ учир байдал илэрсэн, Цэцийн нийт гишүүдийн олонхийн саналаар дахин хянаж эцэслэн шийдвэрлэх хуралдааныг бүрэн бүрэлдэхүүнтэй , хэрэв энэ тохиолдолд зарим гишүүн хүндэтгэн үзэх шалтгаанаар хуралдаанд оролцох боломжгүй бол Цэц маргааныг 7-гоос доошгүй гишүүний бүрэлдэхүүнтэй тус тус хийнэ.
4.Цэц энэ хуулийн 13 дугаар зүйлийн 2,3 дахь хэсэгт заасан албан тушаалтан Үндсэн хууль зөрчсөн эсэх, түүнийг огцруулах болон эгүүлэн татах үндэслэл байгаа эсэх асуудлыг их суудал буюу 7-9 гишүүний бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэнэ.
5.Хэлэлцэж байгаа асуудлыг Цэцийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар шийдвэрлэнэ. Тухайн асуудлаар цөөнх болсон гишүүд үндэслэлээ тайлбарлаж дахин санал хураалгах эрхтэй бөгөөд хоёр дахь санал хураалтаар нөгөө тал цөөнх болж дахин санал хураалгах хүсэлт, тайлбар гарсан бол гурав дахь санал хураалт явуулж, эцэст нь хоёр удаа олонхийн санал авснаар асуудлыг шийдвэрлэнэ.
6.Цэц маргааныг дахин хянан үзэж, асуудлыг хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёр хувийн саналаар эцэслэн шийдвэрлэнэ. Хэрэв гишүүдийн гуравны хоёр хувийн санал авч чадаагүй бол уг хууль, тогтоол, зарлиг, бусад шийдвэр, Монгол Улсын олон улсын гэрээний заалт хүчинтэй хэвээр үлдэнэ.
/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.Зөвлөлдөх тасалгаанд олонхитой санал нийлээгүй гишүүн саналаа тусгайлан бичгээр гаргаж, Цэцийн шийдвэрт хавсаргана.
/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/