15 дугаар зүйл. Уялдуулан хэрэглэх үнийн арга

ГААЛИЙН ТАРИФ, ГААЛИЙН ТАТВАРЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Уялдуулан хэрэглэх үнийн арга

15.1.Энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргаар импортын барааны гаалийн үнийг тодорхойлох боломжгүй тохиолдолд уялдуулан хэрэглэх үнийн аргаар барааны гаалийн үнийг тодорхойлох бөгөөд энэ нь гаалийн үнэлгээний сүүлчийн арга мөн.

15.2.Уялдуулан хэрэглэх үнийн аргыг дараахь хоёр арга замаар хэрэгжүүлнэ:

15.2.1.гаалийн үнийг тодорхойлоход энэ хуулийн 10-14 дүгээр зүйлд заасан аргуудын шаардлага, нөхцөлийг дараахь байдлаар зөөлрүүлж хэрэглэх:

15.2.1.1.хэлцлийн үнийн аргыг хэрэглэх үед мэдүүлэгчийн гаргасан үнэ, зардлын бүрэлдэхүүн хэсэг нь бичиг баримтаар нотлогдоогүй тохиолдолд гаалийн байгууллага болон бусад импортлогч нарт байгаа адил төстэй баталгаатай мэдээллийг ашиглах, бусад зардалтай харьцуулах;

15.2.1.2.нэг төрлийн эсхүл ижил төрлийн барааны хэлцлийн үнийн аргын үед харьцуулах хугацааг 90 хоног, 6 сар, нэг жил, хоёр жилээр тооцох, эсхүл бараанд тавих шаардлагыг багасгах;

15.2.1.3.ялгаварт үнийн аргын үед дотоодод борлуулсан хугацааны хязгаарыг ихэсгэж тооцох, суурь үнийн сонголтод тавигдах шаардлагыг багасгах, эсхүл дотоод зах зээлд борлогдсон нэг төрлийн эсхүл ижил төрлийн бараа байхгүй бол адил ангилал, бүлгийн барааг хамруулан авч үзэх;

15.2.1.4.нийлбэр үнийн аргын үед материалын үнэ болон өртгийг өөр ижил төстэй барааны үнэ, өртөгтэй адилтган авч үзэх, гаалийн хил хүртэл тээвэрлэсэн зардлыг бусад барааны зардалтай харьцуулах байдлаар тогтоох.

15.2.2.гаалийн үнийг тодорхойлоход олон улсын худалдааны практик болон тухайн үеийн арилжааны бусад мэдээлэлд тулгуурлах худалдааны дараахь мэдээлэл, бичиг баримтыг ашиглах:

15.2.2.1.худалдагчийн үнийн жагсаалт, үнийн лавлагаа болон каталог;

15.2.2.2.статистикийн мэдээ, нийтээр хэрэглэж буй зардлын тариф;

15.2.2.3.экспортлогчийн үнийн санал, бараагаар төрөлжсөн олон улсын биржийн мэдээлэл, төрөлжсөн сонин хэвлэлийн мэдээлэл, зах зээлд зонхилох импортлогчдын гэрээ, түүний үнэ;

15.2.2.4.интернетээр нийтэд зориулан тараасан экспортын үнэ;

15.2.2.5.хил залгаа улс орны Монгол Улсад экспортоор гаргаж байгаа барааны үнийн судалгаа;

15.2.2.6.гаалийн байгууллагад мэдүүлсэн барааны тухайн цаг үед бий болсон үнийн дундаж үзүүлэлт.

15.3.Уялдуулан хэрэглэх аргаар гаалийн үнийг тодорхойлоход дараахь үнийг үндэслэхийг хориглоно:

15.3.1.Монгол Улсад үйлдвэрлэсэн барааг дотоодын зах зээлд худалдан борлуулсан үнэ;

15.3.2.хоёр үнээс өндөр үнийг нь гаалийн зорилгоор сонгох систем;

15.3.3.хил орчмын худалдааны импортын барааны үнээс бусад экспортлогч орны дотоодын зах зээлийн үнэ;

15.3.4.нэг төрлийн, эсхүл ижил төрлийн барааны нийлбэр үнийг тодорхойлохоос бусад тохиолдолд гарсан үйлдвэрлэлийн зардал;

15.3.5.Монгол Улсаас өөр улсад экспортлосон барааны үнэ;

15.3.6.хийсвэр буюу зохиомол үнэ;

15.3.7.гаалийн доод үнэ.

15.4.Энэ хуулийн 15.2.2.2, 15.2.2.5, 15.2.2.6-д заасны дагуу тодорхойлсон үнийг гаалийн байгууллага Уялдуулсан системийн код, тодорхойлолтын хамт нийтэд зориулан сүлжээнд байршуулж, улирлаар тодотгол хийнэ.

Экспортын барааны гаалийн үнийг тодорхойлох

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.