8 дугаар зүйл. Гаалийн үнийг шалгах
8.1.Гаалийн үнийг тодорхойлох арга болон гаалийн үнийг мэдүүлэгч үнэн зөв, бодитой тодорхойлсон эсэхийг гаалийн байгууллага шалгаж, шийдвэр гаргана.
8.2.Мэдүүлэгчийн гаргаж өгсөн бичиг баримт нь гаалийн үнийг шалгаж, шийдвэр гаргахад хангалтгүй гэж үзвэл гаалийн байгууллага мэдүүлэгчээс нэмэлт мэдээлэл, бичиг баримт гаргуулан авч болно.
8.3.Гаалийн байгууллага нь дараахь тохиолдолд бодит мэдээллийг үндэслэн гаалийн үнийг мэдүүлэгчийн тодорхойлсноос өөр аргаар тодорхойлж болно:
8.3.1.гаалийн үнийг тодорхойлоход ашигласан бичиг баримт баталгаажаагүй, эсхүл түүнд тусгагдсан мэдээлэл зөрсөн, бүрэн бус, тоон үзүүлэлт нь хангалтгүй байсан бол;
8.3.2.мэдүүлэгч гаалийн үнийн үнэн зөвийг нотолж чадаагүй бөгөөд гаалийн байгууллага мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэлгүй гэж үзсэн бол.
8.4.Энэ хуулийн 8.3-т заасан тохиолдолд гаалийн байгууллагын өөр аргаар тодорхойлсон үнээс гаалийн болон бусад татварыг ногдуулж, мэдүүлэгчээр төлүүлнө.
8.5.Гаалийн байгууллага энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн үнийг тодорхойлсон тохиолдолд мэдүүлэгч гаалийн байгууллагад бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт тавьж, тайлбар гаргуулан авч болно. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт, өөрчлөлт орсон./
8.6.Мэдүүлэгч энэ хуулийн 8.3-т заасны дагуу гаалийн байгууллагаас тодорхойлсон гаалийн үнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гаалийн байгууллагаас уг үнийг тодорхойлсноос хойш 45 хоногийн дотор нэмэлт нотлох баримт гарган өөрийн мэдүүлсэн үнийг үнэн зөв гэдгийг нотолсон тохиолдолд гаалийн байгууллага нь мэдүүлэгчийн тодорхойлсон үнийг үндэслэн гаалийн үнийг шинээр тогтоож болно.
8.7.Гаалийн байгууллага энэ хуулийн 8.6-д заасан мэдүүлэгчээс гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзвал мэдүүлэгч нь Гаалийн тухай хуульд заасны дагуу гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй.
8.8.Гаалийн үнийг магадлан шалгах явцад гарсан зардлыг мэдүүлэгч хариуцна.
8.9.Гаалийн бүрдүүлэлтийн горим өөрчлөгдөхөд Монгол Улсын хилээр барааг нэвтрүүлэхэд мэдүүлэгчийн сонгосон анхны горимд байршуулсан гаалийн мэдүүлгээр тодорхойлсон үнэ өөрчлөгдөхгүй.
Импортын барааны гаалийн үнийг тодорхойлох