220 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

220 дугаар зүйл. Дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын барааг гаалийн хилээр нэвтрүүлэх

220.1.Дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын гаалийн хилээр нэвтрүүлэх бараанд дараахь бараа хамаарна:

220.1.1.гадаадын дипломат төлөөлөгчийн газар болон түүнтэй адилтгах бусад байгууллагын албан хэрэгцээний бараа;

220.1.2.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн, дипломат ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүдийн суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;

220.1.3.гадаадын дипломат төлөөлөгчийн газрын үйлчилгээ, техникийн ажилтан, тэдгээрийн гэр бүлийн гишүүд Монгол Улсын иргэн биш, Монгол Улсад байнга оршин суугч биш бол суух улсдаа шилжин суурьшихад шаардагдах хувийн хэрэглээний эд зүйл;

220.1.4.дипломат шуудан.

220.2.Энэ хуулийн 220.1-д заасан бараанд гаалийн болон бусад татвар ногдуулахгүй бөгөөд Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосноос бусад тарифын бус хязгаарлалтад үл хамаарна.

220.3.Хүн, малын гоц халдварт өвчин гарсан, эсхүл Монгол Улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бараа байгаа гэх хангалттай үндэслэл байхгүй бол энэ хуулийн 220.1-д заасан бараанд гаалийн шалгалт хийхийг хориглоно.

220.4.Энэ хуулийн 220.3-т заасан үндэслэл байна гэж үзвэл гаалийн байгууллага гадаадын дипломат төлөөлөгчийн газрын бие төлөөлөгчийг байлцуулан шалгалт хийнэ.

220.5.Энэ хуулийн 220.1-д заасан барааг гаалийн хилээр нэвтрүүлэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.