232 дугаар зүйл. Гаалийн хяналтын нийтлэг үндэслэл

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

232 дугаар зүйл. Гаалийн хяналтын нийтлэг үндэслэл

232.1.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг гаалийн нутаг дэвсгэрт хэрэгжүүлнэ.

232.2.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн хяналт тавих нийтлэг журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батлах бөгөөд зарим бараа, тээврийн хэрэгслийн төрөл, онцлогийг харгалзан тусгай журам тогтоож болно.

232.3.Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, задлах, сав, баглаа боодлыг өөрчлөх, тээврийн хэрэгслийг хөдөлгөхийг гагцхүү гаалийн байгууллагын зөвшөөрлөөр гүйцэтгэнэ.

232.4.Гаалийн хяналтад байгаа барааг ачих, буулгах, хадгалах, шилжүүлэн ачих, түүнчлэн тээврийн хэрэгслийг саатуулсантай холбогдон гарах зардал, хохирлыг мэдүүлэгч өөрөө хариуцна.

232.5.Гаалийн хяналтыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөн дунд хэрэгжүүлж болно.

232.6.Гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ техник, багаж хэрэгсэл, эрэлч нохой зэргийг ашиглаж болно.

232.7.Гаалийн байгууллага нь гаалийн хяналтыг хэрэгжүүлэхдээ мэдээллийн технологийг ашиглаж болно.

232.8.Гаалийн байгууллага нь гаалийн харилцаанд оролцогчдын мэдээллийн сүлжээг гаалийн зорилгоор хууль тогтоомжийн хүрээнд ашиглаж болно.

232.9.Гаалийн хууль тогтоомж зөрчсөн болон зөрчихийг завдсан үйлдлийн талаархи мэдээллийг гаалийн байгууллага төлбөртэй, эсхүл төлбөргүйгээр хүлээн авч нууцлалыг хадгалах бөгөөд энэхүү мэдээллийг хүлээн авах журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.