261 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

261 дугаар зүйл. Бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ хийх

261.1.Гаалийн хяналтад байгаа бараа, тээврийн хэрэгсэлд гаалийн зорилгоор тэмдэглэгээ цаашид "гаалийн тэмдэглэгээ" гэх хийхдээ лац, ломбо, үсгэн болон бусад тэмдэглэгээ тавих, марклах, тээврийн болон худалдааны бичиг баримтад хяналтын тэмдэг дарах, сорьц, дээж, загвар авах, бараа, тээврийн хэрэгслийн шинж байдлыг дэлгэрэнгүй тодорхойлон бичих, фото зураг авах, бичлэг хийх, зураг, бүдүүвч зураг гаргах зэрэг боломжтой бүхий л аргыг хэрэглэнэ.

261.2.Энэ хуулийн 261.1-д заасан тэмдэглэгээг гаалийн байгууллага, албан тушаалтан хийнэ.

261.3.Бараа, тээврийн хэрэгсэл устах, үрэгдэх, гэмтэж муудах бодит аюул тулгарсан, эсхүл гаалийн байгууллага гаалийн тэмдэглэгээг хийх боломжгүй бол энэ тухай гаалийн байгууллагад шуурхай мэдээлж түүний зөвшөөрөлтэйгээр гаалийн тэмдэглэгээг бусад этгээд авах, өөрчлөх, сольж болно.

261.4.Энэ хуулийн 261.3-т заасан нөхцөл байдлыг гаалийн байгууллагад мэдээлэх боломжгүй бол төрийн холбогдох эрх бүхий албан тушаалтны оролцоотойгоор гаалийн тэмдэглэгээг бусад этгээд авах, өөрчлөх, сольж болно.

261.5.Энэ хуулийн 261.3, 261.4-т заасан тохиолдолд гаалийн удирдах төв байгууллагын даргын баталсан маягтын дагуу акт үйлдэх ба бодит аюул учирсныг холбогдох байгууллагын бичиг баримтаар нотолно.

261.6.Энэ хуулийн 261.1-д заасан тэмдэглэгээ нь гадаад улсын гаалийн байгууллагаас тавьсан лац, ломбо, хяналтын тэмдэг зэрэгт нэгэн адил хамаарах бөгөөд түүнийг гаалийн зорилгоор ашиглана.

261.7.Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд тэмдэглэгээ хэрэглэх журмыг гаалийн удирдах төв байгууллагын дарга батална.

Гуравдугаар дэд бүлэг

ОЮУНЫ ӨМЧИЙН ЭРХЭД ХАМААРАХ БАРААГ ГААЛИЙН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛЭХ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.