2711 дугаар зүйл. Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

2711 дугаар зүйл. Гаалийн байгууллагын удирдлагын бүрэн эрх

2711.1.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

2711.1.1.гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах;

2711.1.2.гаалийн хууль тогтоомжоор эрх олгосон бол нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон дүрэм, журам, заавар батлах;

2711.1.3.гаалийн бодлого боловсруулахад оролцох, тарифын болон тарифын бус хязгаарлалтын арга хэмжээг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

2711.1.4.гаалийн асуудлаар байгуулах Монгол Улсын олон улсын гэрээний төслийг боловсруулах, Монгол Улсын Засгийн газраас эрх олгосон тохиолдолд олон улсын гэрээнд гарын үсэг зурах, гэрээгээр Монгол Улсын хүлээсэн үүргийн биелэлтийг хангуулах;

2711.1.5.гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх ажлыг гаалийн хууль тогтоомжид заасны дагуу зохион байгуулах;

2711.1.6.гаалийн хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор гаалийн харилцаанд оролцогчидтой хамтран ажиллах;

2711.1.7.гаалийн асуудлаарх өргөдөл, гомдлыг хүлээн авч, хянан үзэж, бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах;

2711.1.8.гаалийн удирдах төв байгууллагын харьяа болон дэргэдэх байгууллагыг байгуулах, өөрчлөх, татан буулгах;

2711.1.9.харьяа гаалийн байгууллагын хариуцах хяналтын нутаг дэвсгэрийг тогтоох, тэдгээрийн эрх хэмжээг тодорхой бараа, тээврийн хэрэгсэл болон гаалийн бүрдүүлэлтийн горимоор хязгаарлах;

2711.1.10.гаалийн алба хаагчийг томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, төр засгийн шагналд тодорхойлох;

2711.1.11.гаалийн улсын байцаагчийн эрх олгох, эрхийг нь түдгэлзүүлэх, сахилгын шийтгэл ногдуулах;

2711.1.12.хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гаалийн байгууллагын төсөв, хөрөнгийг захиран зарцуулах;

2711.1.13.гаалийн байгууллагыг гадаад, дотоодод болон шүүх, арбитрт төлөөлөх;

2711.1.14.гаалийн болон бусад татвар, хураамжийн ногдуулалт, төлөлт, хураалтад хяналт тавих;

2711.1.15.гадаад худалдааны төлбөр тооцоонд гаалийн зорилгоор хяналт тавих;

2711.1.16.улс хоорондын худалдааг хөнгөвчлөх, аюулгүй байдлыг хангах, олон улсын стандартын дагуу гаалийн удирдах төв байгууллагаас тогтоосон шалгуурыг хангасан тохиолдолд гаалийн харилцаанд оролцогчид гаалийн итгэмжлэл олгох;

2711.1.17.хуульд заасан бусад бүрэн эрх.

2711.2.Гаалийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын даргын эзгүйд түүнийг дэд дарга орлоно.

/Энэ зүйлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.