280 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, шагнал, урамшуулал

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

280 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, шагнал, урамшуулал

280.1.Гаалийн тэргүүн түшмэл, эрхэлсэн түшмэл, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаал нь тус бүртээ тэргүүн, дэд, гутгаар, дөтгөөр гэсэн зэрэг дэвтэй байна.

280.2.Гаалийн тэргүүн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхийлөгч, эрхэлсэн түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг Монгол Улсын Ерөнхий сайд, ахлах түшмэл, дэс түшмэл, туслах түшмэлийн албан тушаалын зэрэг дэвийг гаалийн удирдах төв байгууллагын дарга тус тус олгоно.

280.3.Зэрэг дэв олгохдоо төрийн албанд нийт ажилласан болон тухайн албан тушаалын ангилалд ажилласан хугацаа, мэргэшлийн түвшин, ёс зүйн хэм хэмжээг сахиж буй байдлыг харгалзана.

280.4.Гаалийн улсын байцаагчийн зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох журмыг Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал батална.

280.5.Гаалийн улсын байцаагчид ажлын үр дүнгийн шагнал улирал тутам олгох бөгөөд уг шагналыг олгох журмыг Засгийн газар батална.

280.6.Далд арга хэрэглэж бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлсэн буюу нэвтрүүлэхийг завдсан, эсхүл удаа дараагийн буюу хоорондоо нууцлагдмал холбоо бүхий их хэмжээний зөрчил илрүүлсэн, түүнчлэн зөрчил илрүүлж улсын төсөвт их буюу онц их хэмжээний орлого оруулсан гаалийн улсын байцаагчид мөнгөн урамшуулал олгох бөгөөд уг урамшууллын хэмжээ, олгох журмыг Засгийн газар батална.

280.7.Улаанбаатар хотоос бусад орон нутагт тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид таван жил тутамд 12 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг тухайн байгууллагаас олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.