282 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн эрхийн баталгаа

ГААЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

282 дугаар зүйл. Гаалийн улсын байцаагчийн эрхийн баталгаа

282.1.Гаалийн улсын байцаагч албан үүргээ хараат бусаар, шударгаар биелүүлэх нөхцөл, баталгааг төр хангана.

282.2.Гаалийн байгууллага гаалийн улсын байцаагчаар хуулиар хүлээлгэсэн үүрэгт нь үл хамаарах ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

282.3.Эрх бүхий байгууллага нь гаалийн улсын байцаагчийг албан үүрэгтэй нь холбогдуулан шалгах бол гаалийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүй байх үүднээс энэ тухай харьяалах гаалийн байгууллагын даргад урьдчилан мэдэгдэнэ.

282.4.Хуулиар хүлээлгэсэн албан үүрэгтэй нь холбоотойгоор заналхийлэх, сүрдүүлэх, амь бие, эрүүл мэндэд нь халдах аливаа хууль бус үйлдлээс гаалийн улсын байцаагч, түүний гэр бүлийн гишүүдийг төр хамгаална.

282.5.Гаалийн байгууллагад 25-аас дээш жил ажиллаж өндөр насны тэтгэвэр тогтоолгож байгаа гаалийн улсын байцаагчид сүүлийн 3 жилийн албан тушаалын цалингийн хэмжээтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгоно.

/Энэ хэсгийг 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

282.6.Гаалийн улсын байцаагчид дараахь тусламж олгоно:

282.6.1.хөдөлмөрийн чадвараа түр алдсан тохиолдолд эмнэлгийн чөлөөтэй байсан хугацааны тэтгэмж, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү;

282.6.2.хөдөлмөрийн чадвараа алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэвэр, албан тушаалын үндсэн цалингийн зөрүү; /Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

282.6.3.хиймэл эрхтэн хийлгэх тохиолдолд түүний зардал;

282.6.4.эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тохиолдолд эрүүл мэндийн даатгалын зардлаас хэтэрсэн эмчилгээний зардал;

282.6.5.хөдөлмөрийн чадвараа бүрмөсөн алдсан тохиолдолд нэг жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж;

282.6.6.албан үүргээ гүйцэтгэхтэй нь холбогдуулан гаалийн улсын байцаагчийн амь насыг хохироосон тохиолдолд түүний ар гэрт 3 жилийн албан тушаалын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж.

282.7.Хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчийн гэр бүлийг тэргүүн ээлжинд ажлаар хангах бөгөөд тэднийг ажлаар хангаагүй нөхцөлд ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын ерөнхий хуульд заасны дагуу гаалийн байгууллага төлнө. /Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

282.8.Хил дээр ажиллаж байгаа гаалийн улсын байцаагчид хилийн нэмэгдэл олгох бөгөөд уг нэмэгдэл олгох журмыг Засгийн газар батална.

282.9.Гаалийн байгууллагад тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан албан хаагчид аминдаа орон сууц барих болон орон сууц, амьдралын нэн тэргүүний хэрэгцээт зүйлс худалдан авах, өөрийн хүсэлтээр суралцах болон хүүхдээ сургахад нь зориулан байгууллагаас нь хөнгөлөлттэй зээл олгож, шаардлагатай тохиолдолд зээлийн баталгаа гаргаж өгнө.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.