5 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Хуулийн нэр томъёоны тодорхойлолт

5.1.Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

5.1.1."гадаадын иргэн" гэж Монгол Улсын иргэний харьяалалгүй бөгөөд гадаад улсын иргэний харьяалалтай хүнийг;

5.1.2."уригч" гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэнийг;

5.1.3."дамжин өнгөрөгч" гэж Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин нэг улсаас нөгөө улсад зорчиж байгаа гадаадын иргэнийг;

5.1.4."түр ирэгч" гэж Монгол Улсад 90 хүртэл хоногийн хугацаагаар ирсэн гадаадын иргэнийг;

5.1.5.“хувийн хэргээр оршин суугч” гэж суралцах, хөдөлмөр эрхлэх, хөрөнгө оруулах, гэр бүлийн шалтгаан болон хувийн бусад ажлаар оршин суухаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.6.“албан хэргээр оршин суугч” гэж төрийн байгууллагын урилгаар болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Засгийн газар хоорондын эрх бүхий байгууллага, НҮБ, түүний төрөлжсөн байгууллагын суурин төлөөлөгчийн газар, түүнчлэн гадаад улсын болон олон улсын хэвлэл, мэдээллийн төлөөлөгчийн газарт ажиллахаар ирсэн гадаадын иргэн, түүний хамаарал бүхий этгээдийг; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.1.7."харьяалалгүй хүн" гэж аль ч улсын харьяат бус хүнийг;

5.1.8."цагаач" гэж Монгол Улсын эрх бүхий байгууллагаас цагаачлан оршин суух зөвшөөрөл авсан гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг;

5.1.9."паспорт" гэж олон улсын эрх бүхий байгууллага, түүнчлэн гадаад улсын болон Монгол Улсын Засгийн газраас олгосон буюу хүлээн зөвшөөрсөн олон улсад зорчих баримт бичгийг;

5.1.10."паспортыг орлох баримт бичиг" гэж Монгол Улсын хууль, олон улсын гэрээгээр паспорттай адилтган үзэхээр хүлээн зөвшөөрсөн, тухайн хүнийг гадаад улсын иргэн болохыг гэрчилж байгаа баримт бичгийг;

5.1.11.“Монгол Улсын виз” гэж эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын хилээр нэвтрэх, Монгол Улсад тодорхой хугацаанд байх зөвшөөрлийг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

5.1.12.“визийн зөвшөөрөл” гэж гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичгийг; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ заалтад 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ заалтад 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

5.1.13."лесе пасе" гэж НҮБ-ын Эрх, Дархын тухай Конвенцийн 7 дугаар зүйлд заасны дагуу НҮБ-ын ажилтан, албан тушаалтанд тус байгууллагаас олгосон олон улсад зорчих баримт бичгийг.

5.1.14."хамаарал бүхий этгээд" гэж гадаадын иргэний эхнэр, нөхөр, хамтран амьдрагч, эцэг, эх, өвөг эцэг, эмэг эх, хүүхдийг; /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

5.1.15.“цахим виз” гэж гадаадын иргэнд цахим хэлбэрээр Монгол Улсын виз олгосныг нотлох цахим болон хэвлэмэл баримтыг. /Энэ заалтыг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар нэмсэн./

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДАЛ

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.