7 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх, үүргийн онцлог

ГАДААДЫН ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

7 дугаар зүйл. Гадаадын иргэний эрх, үүргийн онцлог

7.1.Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалах зорилгоор хүний салшгүй эрхээс бусад эрхийн хувьд гадаадын иргэний эрх, эрх чөлөөнд хуулиар хязгаарлалт тогтоож болно.

7.2.Гадаадын иргэн энэ хуулийн 7.1-д заасны дагуу хуулиар хязгаарласнаас бусад тохиолдолд Монгол Улсын иргэний нэгэн адил эрх, эрх чөлөөг эдэлж, үүрэг хүлээнэ.

7.3.Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь эрхийг эдэлнэ:

7.3.1.энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу Монгол Улсад нэвтрэх, оршин суух;

7.3.2.улсын онц чухал объектод Засгийн газрын зөвшөөрснөөр ажиллах;

7.3.3.улс төрийн орогнол хүсэх;

7.3.4.хууль тогтоомжид заасан бусад эрх.

7.4.Гадаадын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт дараахь үүрэг хүлээнэ:

7.4.1.Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний уламжлал, зан заншлыг хүндэтгэх;

7.4.2.энэ хуулийн 24, 26 дугаар зүйлд заасны дагуу бүртгүүлэх;

7.4.3.Монгол Улсын хууль тогтоомжид заасан татвар төлөх;

7.4.4.Монгол Улсад зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон Монгол Улсын виз, оршин суух зөвшөөрлийн хугацаанд байх, Монгол Улсын олон улсын гэрээнд өөрөөр заагаагүй бол уг хугацаандаа буюу эрх бүхий байгууллагын шаардсанаар тус улсаас гарах;

7.4.5.паспорт, эсхүл Монгол Улсын эрх бүхий байгууллагаас олгосон оршин суух үнэмлэхийг биедээ авч явах; /Энэ заалтад 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.4.6.хууль тогтоомжид заасан бусад үүрэг.

7.5.Гадаадын иргэн Монгол Улсын зэвсэгт хүчин, бусад цэрэгт алба хаах үүрэг хүлээхгүй.

7.6.Зөвшөөрөл хүсэгч улсын онц чухал объектод гадаадын иргэнийг ажиллуулах зөвшөөрөл хүссэн өргөдлийг гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.7.Гадаадын иргэн эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн дагуу улсын онц чухал объектод ажиллаж болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.8.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ зүйлийн 7.6-д заасан өргөдлийг хүлээн авч, Зөвшөөрлийн тухай хуульд заасны дагуу магадлан шалгах ажиллагааг хэрэгжүүлж, саналаа хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар дамжуулан Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.9.Засгийн газар зөвшөөрлийг олгох эсэхийг ажлын 15 өдрийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

7.10.Гадаадын иргэний асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага зөвшөөрлийг хүчингүй болгох саналыг энэ хуулийн 7.8-д заасан журмын дагуу Засгийн газарт хүргүүлж, шийдвэрлүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.