12 дугаар зүйл. Хот, тосгон, бусад суурин, нийслэл хотын эдэлбэр газар /Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.1.Хот, тосгон, бусад суурины газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
12.2.Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.3.Нийслэл хот, хот, тосгон, бусад суурин газар нь эдэлбэр газартай байх ба хуульд өөрөөр заагаагүй бол түүний хэмжээ, байршил, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал тогтооно. Нийслэл хот, хот, тосгон, бусад суурины газар нь бүсчлэлтэй байна. /Энэ зүйлийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./ /Энэ хэсгийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан бөгөөд 2026 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө./
12.4.Бүсчлэлд тавигдах шаардлагыг хот, тосгон, бусад суурины эдэлбэр газарт дүрмээр зохицуулах бөгөөд бүсчлэлийн дүрмийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.5.Бүсчлэл тогтоох шалгуур үзүүлэлтийг Засгийн газар тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
12.6.Нийтийн эдэлбэрийн газрын зориулалт, хэмжээ, зааг, ашиглалтын журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, тогтооно. /Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./