21 дугаар зүйл. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын бүрэн эрх /Энэ зүйлийн гарчигт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
21.1.Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.1.1.Засаг даргын өргөн мэдүүлсэн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг дүүрэг бүрийн хуваарьтайгаар хэлэлцэн батлах.
21.2.Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.2.1.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон нийслэлийн тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг дүүрэг бүрээр боловсруулж, дүүргийн Засаг даргын санал, газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дүгнэлтийн хамт нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх; /Энэ заалтад 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ заалтад 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
21.2.2.батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох;
21.2.3.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний уялдаа холбоог хангах, хэрэгжилтэд хяналт тавих; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21.2.4.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөө, бүсчлэлд нийцүүлэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах, асуудлыг шийдвэрлэх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21.2.5.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу газрыг иргэнд өмчлүүлэх асуудлыг шийдвэрлэх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.2.6.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгох, дуусгавар болгох, газрын байршил болон хэмжээ, зориулалт өөрчлөх асуудлыг шийдвэрлэх; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.2.7.энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан бүрэн эрхээ дүүргийн Засаг даргад шилжүүлэх. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.3.Аймгийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.3.1.сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төсөлд чиглэл өгөх;
21.3.2.аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд тухайн сумын Засаг даргын саналыг авсан байна.
21.4.Сумын Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.4.1.аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний төсөлд санал өгөх;
21.4.2.аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
21.4.3.энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.
21.4.4.бэлчээрийг малчин өрхийн анхдагч холбоонд ашиглуулах гэрээ байгуулах; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.4.5.гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийг гамшиг, аюулт үзэгдэл тохиолдсон үед тухайн сумын малчдад бэлчээрийн даацад тохируулан түр хугацаагаар ашиглуулах асуудлыг шийдвэрлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.4.6.гамшиг, аюулт үзэгдлийн улмаас бусад аймаг, сумын малыг отрын бэлчээр болон бусад бэлчээрт түр хугацаагаар оруулах, гаргах асуудлыг шийдвэрлэх; /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.4.7.өвөлжөө, хаваржааны бэлчээрийг зун, намрын улиралд малаас чөлөөлөх хугацааг тогтоож, мөрдүүлэх. /Энэ заалтыг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар нэмсэн./
21.5.Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
21.5.1.хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний төсөлд санал өгөх;
21.5.2.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу нутаг дэвсгэрийнхээ тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний төслийг боловсруулж, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлэх;
21.5.3.дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг зохион байгуулах; /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
21.5.4.энэ хуулийн 21.2.7-д заасны дагуу эрх шилжүүлэн авсан бол энэ хуулийн 21.2.4, 21.2.6-д заасан шийдвэр гаргах. /Энэ заалтыг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./