41 дугаар зүйл. Газар эзэмших эрх дуусгавар болоход газрыг чөлөөлөх
41.1.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрх дуусгавар болоход хууль болон газар эзэмших гэрээнд өөрөөр заагаагүй бол 90 хоногийн дотор уг газрыг чөлөөлж аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын мэдэлд шилжүүлнэ. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
41.2.Энэ хуулийн 39.1.1-39.1.4-т заасан үндэслэлийн дагуу газар чөлөөлөхтэй холбогдон гарах зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.
41.3.Эзэмшлийн газар нь гамшиг, аюулт үзэгдэл, осолд нэрвэгдэж, цаашид тухайн зориулалтаар ашиглах боломжгүй болсон тухай мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн газар эзэмшигч газар эзэмших гэрээгээ цуцлах тухай хүсэлт гаргасан бол уг газрыг засаж тохижуулах зардлыг шаардлагатай тохиолдолд улсын болон орон нутгийн төсвөөс санхүүжүүлж болно. Харин уг газар дээрх барилга, байгууламж, бусад эд хөрөнгийг шилжүүлэх зардлыг газар эзэмшиж байсан этгээд өөрөө хариуцна.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн хууль, 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хууль, 2017 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар тус тус өөрчлөлт оруулсан/
41.4.Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна.