48 дугаар зүйл. Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах, уг газарт нэвтрэх, дайран өнгөрөх
48.1.Бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газарт нэвтрэх, дайран өнгөрөхийг хориглосон дохио тэмдэг тавих, хашаа барих зэргээр тусгайлан хамгаалаагүй бол хэн боловч тухайн газарт хохирол учруулахгүйгээр нэвтэрч, дайран өнгөрч болно. Хориглох дохио тэмдгийн загвар, түүнийг хэрэглэх журмыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
48.2.Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй.
48.3.Газар эзэмшигч, ашиглагч болон уг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахаар шаардаж буй этгээдийн хооронд хэлэлцэн тохиролцсоны үндсэн дээр газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх үүснэ. Тухайн газрыг эзэмших, ашиглах эрх өөр этгээдэд шилжихэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах бусдын эрх хадгалагдана.
48.4.Газар эзэмшигч, ашиглагч нь газраа бусдад хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглуулснаас уг газрыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болбол тийнхүү ашиглахыг зогсоохыг газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглаж байгаа этгээдээс шаардах эрхтэй.
48.5.Энэ хуулийн 48.2-т заасан эд хөрөнгийг өмчлөгч бус этгээдэд газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглах эрх шилжүүлэхийг хориглоно.
48.6.Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдон үүссэн маргааныг энэ хуулийн 60.1.4-т заасны дагуу шийдвэрлэнэ.
48.7.Газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахтай холбогдсон бусад харилцааг Иргэний хуулийн холбогдох заалтаар зохицуулна.