56 дугаар зүйл. Хот, тосгон, бусад суурины газрыг зохистой ашиглах, хамгаалах
56.1.Хот, тосгон бусад суурины газарт иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах үйл ажиллагааг зөвхөн тухайн хот, тосгон, бусад суурины харьяалах засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн боловсрогдож батлагдсан хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, түүнд тулгуурласан үе шатны болон хэсэгчилсэн төлөвлөгөөний дагуу энэ хуульд заасан журмаар хэрэгжүүлнэ.
56.2.Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зохиогдоогүй хот, тосгон, бусад сууринд газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг тухайн засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн энэ хуульд заасны дагуу шийдвэрлэнэ.
56.3.Хот, тосгон, бусад суурины нутаг дэвсгэрт газар эзэмшүүлэх, ашиглуулахад дэд бүтцийн хангамж, хөгжлийн чиглэл, ариун цэвэр, эрүүл ахуй, экологи, галын аюулгүй байдлын шаардлага, газар зохион байгуулалт, хот байгуулалтын төлөвлөгөөг үндэслэнэ.
56.4.Хот, тосгон бусад суурины доторх бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй газрыг тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргаж, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу ашиглалтын зориулалт, ашиглаж эхлэх хугацаа бусад нөхцөл шаардлагуудыг бичсэн дохио, санамж тавих, хашаа, хайс татах, сахиул ажиллуулах зэргээр хамгаалалтад авна.
56.5.Газар эзэмших, ашиглах хугацаа дууссан, тэрчлэн зохих зөвшөөрөлгүй барилга байгууламж барьсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар чөлөөлөх тухай мэдэгдлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас өгсөн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага заасан хугацаанд багтааж газар чөлөөлөх үүрэгтэй.
56.6.Хот, тосгоны өнгө үзэмж, эрүүл ахуйн нөхцлийг сайжруулах, газрыг хамгаалах, нөхөн сэргээх шаардлагын дагуу газар эзэмшигч нь эзэмшилд авсан газрын 10-аас доошгүй хувийг ногоон байгууламжтай байлгана.
56.7.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрын ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол тэдгээртэй адилтгах байгууламжийн төлөвлөлт, барилгажилтийн норм, дүрмийг барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага батална.
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
56.8.Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орчны газрыг тохижуулах, арчлах, цэвэрлэх, хамгаалах үүргийг тухайн сууц өмчлөгчдийн холбоо хариуцна.
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
56.9.Орчны газарт байрлаж байгаа инженерийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээ эрхэлж байгаа мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахыг хориглоно.
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/
56.10.Сууц өмчлөгчдийн холбоонд гэрээгээр ашиглуулж байгаа орчны газарт хийх засвар, үйлчилгээ нь газар ухах, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоолыг нь буулгах зэргээр тухайн газарт өөрчлөлт оруулахаар бол мэргэжлийн байгууллага нь сууц өмчлөгчдийн холбоотой урьдчилан тохиролцож, гэрээ байгуулна.
/Энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмсэн/