58 дугаар зүйл. Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа, түүнийг гаргах
58.1.Газрыг үр ашигтай, зохистой ашиглах, хамгаалах үйл ажиллагаанд төрийн хяналтыг тасралтгүй хэрэгжүүлэх зорилгоор газрын төлөв байдал, чанарын тогтвортой, гол үзүүлэлтүүдийг хууль тогтоомжид заасан хугацаанд давтан тодорхойлж улсын хяналтад авсан анхны үзүүлэлтүүдтэй харьцуулан дүгнэлт гаргахыг газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа гэнэ.
58.2.Тариалангийн газраас бусад ангиллын газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг дараахь үзүүлэлтээр гаргана:
/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
58.2.1.хөрсний үржил шимт үе давхаргын зузаан;
58.2.2.хөрсний ялзмагийн агууламж;
58.2.3.хөрсний бохирдолт, хордолт;
58.2.4.газрын гадаргын төрх байдлын өөрчлөлт;
58.2.5.ургамлын ургац, бүрхэвчийн өөрчлөлт;
58.2.6.бэлчээр, хадлангийн талбайн ургамлын зүйлийн бүрэлдэхүүний өөрчлөлт.
58.3.Энэ хуулийн 58.2-т заасан үзүүлэлт дээр тухайн газрын онцлогийг харгалзан нэмж хэрэглэх үзүүлэлт, газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны үзүүлэлтийг тодорхойлох аргачлалыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тогтооно. /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан, энэ хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
58.4.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг эрх бүхий мэргэжлийн байгууллага хийж, дүгнэлт гаргана.
58.5.Газрын нэгдмэл сангийн бүх ангиллын газрыг 5 жилд нэг удаа газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаанд заавал хамруулах бөгөөд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрх дуусгавар болоход энэхүү баталгааг гаргана.
58.6.Эрхийн гэрчилгээгээр эзэмшиж, ашиглаж буй газрын төлөв байдал, чанарыг газар эзэмшигч, ашиглагч, улсын болон аймаг, сум, нийслэлийн тусгай хэрэгцээний газрын төлөв байдал, чанарыг газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон аймаг, нийслэл, сумын Засаг дарга, бусад газрын төлөв байдал, чанарыг тухайн шатны Засаг дарга тус тус хариуцна. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2003 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт, 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
58.7.Газар эзэмшигч, ашиглагч нь газрынхаа төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг өөрийн хөрөнгөөр, анх удаа иргэн аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшил, ашиглалтад олгож байгаа болон бусад газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааг улсын буюу орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ.
/Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
58.8.Газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа хийх ажлын үнэлгээг Засгийн газар тогтооно.
58.9.Тариалангийн газарт газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгаа /агрохимийн шинжилгээ/ хийхэд баримтлах журам, хэрэглэх үзүүлэлтийг Тариалангийн тухай хуулиар зохицуулна.
/Энэ хэсгийг 2004 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар нэмсэн/
Бусад зүйл