15 дугаар зүйл. Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгох

ГАЗРЫН ХЭВЛИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

15 дугаар зүйл. Ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглуулахаар газрын хэвлийг олгох

1.Ашигт малтмал олборлох, газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулахаас өөр зориулалтаар ашиглуулахаар газар доор барилга байгууламж барих, ашиглахад зориулан газрын хэвлийг дор дурдсан байгууллага, албан тушаалтан олгоно:

1/улсын болон аймаг, нийслэлийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад зориулан тухайн аймаг, нийслэлийн Засаг дарга;

2/орон нутгийн чанартай барилга байгууламж барих, ашиглахад зориулан тухайн сум, дүүргийн Засаг дарга.

2.Энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан барилга байгууламжийн ажлыг эхлэхдээ тухайн сум, дүүргийн Засаг даргад мэдэгдэнэ.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага эзэмшил газрынхаа хилийн дотор ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар аж ахуйн болон ахуйн хэрэгцээндээ зориулан тухайн сум, дүүргийн Засаг даргаас тогтоосон журмын дагуу газрын хэвлийг ашиглах эрхтэй.

4.Газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг хамгаалан булах, бохир ус зайлуулах зориулалттай барилга байгууламж барих, ашиглахад зориулан газрын хэвлийг тухайн аймаг, нийслэлийн Засаг даргын зөвшөөрлийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга олгоно.

5.Газар доор нефть, хий, бусад бодис, материал хадгалах, хортой бодис, үйлдвэрлэлийн хаягдлыг булах, бохир ус зайлуулахдаа эрх бүхий төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон тусгай нөхцөл, шаардлага хангасан байвал зохино.

6. Хүн амын эрүүл мэнд, мал, ан амьтан, байгаль орчинд онцгой нөлөө бүхий хортой бодисыг хамгаалан булахад зориулан газрын хэвлийг ашиглуулах зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.3-т заасны дагуу Засгийн газар олгоно. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зориулалтаар газрын хэвлийг ашиглуулахыг Засгийн газраас зөвшөөрсөн тохиолдолд газрын хэвлийг аймаг, нийслэлийн Засаг дарга олгоно. Гүйцэтгэгч байгууллага нь хортой бодисыг хамгаалан булснаа байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлнэ.

/Энэ зүйлийг 1994 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

8.Энэ зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

9.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийг Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1.5-д заасан тусгай зөвшөөрөлтэй этгээдэд олгоно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

10.Засгийн газар энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрлийн түдгэлзүүлэх, сэргээх эрхийг Зөвшөөрлийн тухай хуулийн 3.3 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөвшөөрөл хүссэн өргөдөл болон зөвшөөрөл сунгуулах өргөдлийг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авах, магадлан шалгах ажиллагааг ажлын 15 өдрийн дотор явуулах бөгөөд уг ажиллагааг дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор холбогдох саналыг Засгийн газарт хүргүүлнэ. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

12.Засгийн газар энэ зүйлийн 11 дэх хэсэгт заасан саналыг ажлын 15 өдөрт багтаан хэлэлцэж, шийдвэр гаргана. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

13.Энэ зүйлийн 6 дахь хэсэгт заасан тусгай зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай болзол, шалгуурыг байгаль орчны болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.