31 дугаар зүйл. Холбогдох этгээдийн үйл ажиллагаанд хийх шалгалт
31.1.Зохицуулах хороо холбогдох этгээдийн үйл ажиллагааг энэ хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд шалгах зорилгоор дараахь арга хэмжээг хэдийд ч авч хэрэгжүүлж болно:
31.1.1.холбогдох этгээдийн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, баримт бичгийг шалгах;
31.1.2.холбогдох этгээдийн хяналт болон эзэмшилд буй эд хөрөнгө, бэлэн мөнгө зэргийг шалгах, тоолох;
31.1.3.холбогдох этгээдийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн тайлан болон бусад баримт бичгийг хуулбарлаж авах, хянан шалгах.
31.2.Зохицуулах хороо шаардлагатай гэж үзвэл холбогдох этгээдэд хяналт тавихтай холбоотой дараахь асуудлыг судлан үзэж болно:
31.2.1.холбогдох этгээдийн эд хөрөнгийг шалгах;
31.2.2.энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, даатгалын багц дүрэм болон Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, үүрэг даалгаврыг биелүүлж байгаа эсэх.
31.3.Зохицуулах хороо үйл ажиллагааны шалгалтын удирдамжийг холбогдох этгээдэд урьдчилан танилцуулна.
31.4.Зохицуулах хороо шаардлагатай гэж үзвэл үйл ажиллагааны шалгалтыг хэрэгжүүлэхдээ тохирох дадлага туршлага, мэргэжил бүхий этгээдийг татан оролцуулж болно.
31.5.Үйл ажиллагааны шалгалтыг хоёр жилд нэгээс доошгүй удаа холбогдох этгээдийн өдөр тутмын үйл ажиллагаанд саад болохгүйгээр зохион байгуулна.