38 дугаар зүйл. Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх
38.1.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр түдгэлзүүлнэ:
38.1.1.энэ хуулийн 36.1-д заасан үндэслэлийн аль нэг нь илэрсэн;
38.1.2.тусгай зөвшөөрөл олгосноос хойш 6 сарын дотор үйл ажиллагаагаа эхлээгүй, эсхүл үйл ажиллагаагаа зогсоосон;
38.1.3.тусгай зөвшөөрлийн жил бүрийн төлбөрийг төлөх хугацаа өнгөрснөөс хойш 2 сарын дотор төлөөгүй.
38.2.Тусгай зөвшөөрлийг дараахь хугацаагаар түдгэлзүүлнэ:
38.2.1.Зохицуулах хорооноос тогтоосон хугацаагаар;
38.2.2.Зохицуулах хорооноос тавьсан шаардлага, өгсөн даалгаврыг биелүүлэх хүртэл.
38.3.Энэ хуулийн 38.2.1-д заасан хугацаа нь 6 сараас хэтрэхгүй.
38.4.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлснээс хойш энэ хуулийн 39.2.2-т заасан шаардлагыг 6 сарын дотор биелүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоно.
38.5.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхээс өмнө Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэлийг заасан мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлж, хүргэсэн огноог тэмдэглэнэ.
38.6.Тусгай зөвшөөрөл эзэмшигч уг мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тухай тайлбараа Зохицуулах хороонд бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр ирүүлээгүй бол тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлнэ. /Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
38.7.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тохиолдолд дараахь агуулга бүхий мэдэгдлийг тусгай зөвшөөрөл эзэмшигчид бичгээр, эсхүл энэ хуулийн 10.2-т заасан цахим хэлбэрээр хүргүүлнэ: /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
38.7.1.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай;
38.7.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн үндэслэл, түдгэлзүүлж эхэлсэн огноо;
38.7.3.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хугацаа.
38.8.Зохицуулах хороо тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн тухай даатгалын багц дүрэмд заасны дагуу нийтэд мэдээлнэ.