40 дугаар зүйл. Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр

40 дугаар зүйл. Зохицуулах хороо даатгалын мэргэжлийн оролцогчийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор шүүхэд нэхэмжлэл гаргах

40.1.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн болон хүчингүй болгосон, эсхүл энэ хуулийн 38.1, 39.1-д заасан үндэслэл байна гэж үзвэл нийтийн болон үйлчлүүлэгч, даатгуулагчийн ашиг сонирхол, даатгалын мэргэжлийн оролцогчийн өмч хөрөнгө, үйл ажиллагааг хамгаалах зорилгоор Зохицуулах хороо шүүхэд нэхэмжлэл гаргаж болно.

40.2.Зохицуулах хороо энэ хуулийн 40.1-д заасан нэхэмжлэл гаргахдаа даатгалын мэргэжлийн оролцогчид мэдэгдэх үүрэг хүлээхгүй.

40.3.Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлээгүй, эсхүл хүчингүй болгоогүй бол нэхэмжлэлийг энэ хуулийн 38,5, 39.2-т заасан тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгох тухай мэдэгдлийг даатгалын мэргэжлийн оролцогчид өгөхөөс өмнө гаргаж болно.

40.4.Энэ хуулийн 40.1-д заасан нэхэмжлэлийн дагуу дараахь арга хэмжээг хэрэгжүүлж болно:

40.4.1.холбогдох этгээдийн эзэмшилд буй өмч хөрөнгийг шилжүүлэх, зарцуулах зэрэг хэлцэл хийхийг хориглосон шийдвэр гаргах;

40.4.2.тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх болон хүчингүй болгохоос өмнө даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг удирдан зохицуулах бүрэн эрхт төлөөлөгчийг нэн даруй томилох;

40.4.3.компанийг татан буулгахаар шүүхэд хандах;

40.4.4.даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар мэдээлэл авахаар холбогдох этгээдийг дуудан ирүүлэх.

40.5.Шүүх энэ хуулийн 40.4.2-т заасан бүрэн эрхт төлөөлөгчийг томилохдоо түүний эрх хэмжээ, цалин хөлс, шүүх болон Зохицуулах хороонд тайлан мэдээ гаргаж өгөх журмыг тогтооно.

40.6.Шүүх бүрэн эрхт төлөөлөгчийн талаар дараахь арга хэмжээг хэдийд ч авч болно:

40.6.1.эрх үүргээ хэрэгжүүлэхтэй нь холбогдуулан даалгавар, зааварчилга өгөх;

40.6.2.эрх хэмжээг нь өөрчлөх;

40.6.3.бүрэн эрхийг нь дуусгавар болгох.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.