43 дугаар зүйл. Мэдээллийн нууцлалыг хадгалах

ДААТГАЛЫН МЭРГЭЖЛИЙН ОРОЛЦОГЧИЙН ТУХАЙ · хүчин төгөлдөр · сүүлийн өөрчлөлт 2024-01-12

43.1.Зохицуулах хороо болон холбогдох бусад байгууллага, албан тушаалтан нь энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан өөрийн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараахь этгээдтэй холбоотой аливаа мэдээллийг бусдад задруулахыг хориглоно:

43.1.1.тусгай зөвшөөрөл авахаар өргөдөл гаргасан этгээд;

43.1.2.даатгалын мэргэжлийн оролцогч, эсхүл даатгалын мэргэжлийн оролцогч байсан этгээд, тэдгээрийн хараат болон охин компани;

43.1.3.үйлчлүүлэгч, эсхүл үйлчлүүлэгч байсан этгээд.

43.2.Дараахь тохиолдолд энэ хуулийн 43.1 дэх хэсэг хамаарахгүй:

43.2.1.тухайн этгээд өөрийн нууцыг задруулахыг бичгээр зөвшөөрсөн;

43.2.2.Зохицуулах хороо шаардсан;

43.2.3.шүүх болон прокурор, цагдаа, тагнуул, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажлын шаардлагаар тэдгээр байгууллагын удирдлага хүсэлт гаргасан;

43.2.4.энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зорилгоор тухайн этгээд мэдэх шаардлагатай;

43.2.5.уг мэдээллийг олон нийт бусад эх сурвалжаас мэдэх боломжтой, эсхүл нэгэнт мэдээлэгдсэн;

43.2.6.тухайн мэдээлэлтэй холбогдох энэ хуулийн 43.1-д заасан этгээдийг таних боломжгүй байдлаар буюу мэдээллийг товчлол, эсхүл статистик тоо баримтаар мэдээлэх;

43.2.7.энэ хуулийн 35.1-д заасны дагуу гадаадын зохицуулах байгууллага бичгээр, эсхүл цахим хэлбэрээр хүсэлт гаргасан. /Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.