6 дугаар зүйл. Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг зохицуулах багц дүрэм
6.1.Даатгалын мэргэжлийн оролцогчийн үйл ажиллагааг Зохицуулах хорооноос баталсан даатгалын багц дүрмээр зохицуулна.
6.2.Даатгалын багц дүрэмд Даатгалын тухай хуулийн 14.2-т зааснаас гадна дараахь дүрэм, журам, заавар, нөхцөл, шаардлага, хэмжээ багтана:
6.2.1.даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага;
6.2.2.даатгалын мэргэжлийн оролцогчийн аудиторт тавигдах шаардлага;
6.2.3.даатгалын мэргэжлийн оролцогчийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, санхүүгийн тайлангийн агуулга, маягтыг тогтоох журам;
6.2.4.энэ хуульд заасан тусгай зөвшөөрлийг авах хүсэлт гаргахад бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт;
6.2.5.Зохицуулах хороонд төлөх төлбөр, хураамжийн хэмжээ;
6.2.6.гадаад улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх болон гадаадад үйл ажиллагаа явуулах даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага;
6.2.7.Монгол Улсад салбар, төлөөлөгчийн газраа нээх, түүгээр дамжуулан үйл ажиллагаа явуулах гадаадын мэргэжлийн оролцогчид тавигдах нөхцөл, шаардлага;
6.2.8.даатгалын мэргэжлийн оролцогчоос энэ хуульд заасны дагуу тайлан, мэдээ гаргах заавар.