29 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлт болон санхүүгийн тайлан

ДААТГАЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

29 дугаар зүйл. Нягтлан бодох бүртгэлийн үзүүлэлт болон санхүүгийн тайлан

29.1.Даатгагч нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон даатгалын багц дүрэмд заасны дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

29.2.Даатгагч нь нягтлан бодох бүртгэлээ аккруэл сууриар хөтлөх бөгөөд даатгагчийн үйл ажиллагаанд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5.2 дахь хэсэг хамаарахгүй.

29.3.Даатгалын багц дүрэмд өөрөөр заагаагүй бол Зохицуулах хороо даатгагчийн нягтлан бодох бүртгэлийн баримт бичиг, санхүүгийн тайлангийн агуулга, хэлбэрийг тогтоож болно.

29.4.Санхүүгийн тайлангийн баримт бичиг нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 10.2-т болон даатгалын багц дүрэмд заасан, эсхүл энэ хуулийн 29.3-т заасны дагуу Зохицуулах хорооноос тогтоосон баримт бичгээс бүрдэнэ.

29.5.Даатгагч энэ хуулийн 29.4-т заасан шаардлагыг хангасан санхүүгийн тайланг улирал тутам, аудитаар баталгаажуулсан тухайн жилийн санхүүгийн тайланг дараа жилийн 1 дүгээр улиралд багтаан нийтэд хэвлэлээр мэдээлнэ.

29.6.Даатгагчийн хүлээсэн үүрэг, эд хөрөнгийг даатгалын багц дүрэмд заасны дагуу үнэлнэ.

29.7.Даатгагч нягтлан бодох бүртгэлийн баримт бичгээ 6 жилээс доошгүй хугацаагаар хадгалах бөгөөд хадгалах газрын хаягийг Зохицуулах хороонд бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.