5 дугаар зүйл. Дайн бүхий байдал зарлах
5.1.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс дайн бүхий байдал зарлах нөхцөл бүрдсэн тухай оруулсан санал, дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал хэлэлцэж, дайн бүхий байдлыг зарлах, эсэх талаар шийдвэр гаргана.
5.2.Монгол Улсын Их Хурал дайн бүхий байдал зарлах нөхцөл бүрдсэн гэж үзвэл өөрийн онцгой бүрэн эрхийн дагуу дайн бүхий байдал зарлана.
5.3.Дайн бүхий байдал зарлах тухай Монгол Улсын хуульд дараахь асуудлыг тусгана.
5.3.1.дайн бүхий байдал зарлах болсон онцгой нөхцөл байдал;
5.3.2.дайн бүхий байдлын зорилго;
5.3.3.дайн бүхий байдлын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээ, зааг;
5.3.4.хууль хүчин төгөлдөр болох хугацаа.
5.4.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайн бүхий байдал зарласан тухай дайсагнагч улсын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүнд ноот гардуулж мэдэгдэнэ.
5.5.Дайн бүхий байдал зарласан тухай Улсын Их Хурлын шийдвэрийг мэдээллийн хэрэгслээр олон нийтэд нэн даруй зарлана.
5.6.Монгол Улсын гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дайн бүхий байдал зарласан тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, дипломат харилцаатай улс, олон улсын бусад байгууллагад мэдэгдэнэ.