12 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын бүрэн эрх
12.1.Дайны байдалтай холбогдуулан Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
Тайван цагт:
12.1.1.дайны байдлын үед үйлчлэлийг зогсоох, хязгаарлах хууль тогтоомжийн нэр, заалтыг тодорхойлох;
12.1.2.Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрын бүтэц, зохион байгуулалт, бүрэн эрхийг тогтоох;
12.1.3.Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлаас байгуулсан болон түүнд ажлаа тайлагнадаг байгууллагын дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалт, түүнд шилжих журам, эрх зүйн үндсийг тодорхойлох;
12.1.4.Монгол Улсын Засгийн газрын өргөн мэдүүлснээр улс орныг дайны байдалд шилжүүлэх ерөнхий төлөвлөгөөг батлах.
Дайны байдлын үед:
12.1.5.төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг дайны байдлын нөхцөлд нийцүүлэн тодотгох;
12.1.6.дайны байдлын үед мөрдөх хууль тогтоомжийг батлах, тэдгээрт нэмэлт, өөрчлөлт оруулах;
12.1.7.дайны байдлын үед байгуулсан олон улсын гэрээг соёрхон батлах;
12.1.8.Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын хороо, Цэргийн дээд командлалын газрыг байгуулах, Засгийн газрыг дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалтад шилжүүлж, үйл ажиллагаанд нь хяналт тавих;
12.1.9.гадаад улс оронтой цэрэг-улс төрийн холбоотны харилцаа тогтоох, цэргийн эвсэл холбоонд элсэн орох эрх зүйн үндсийг тогтоох;
12.1.10.дайны байдлын үед бусад улс оронтой байгуулсан цэргийн хамтын ажиллагааны гэрээг батлах, гадаадын цэргийн хүчнийг өөрийн нутаг дэвсгэрт хууль тогтоомжийн дагуу байрлуулах, дамжин өнгөрүүлэх талаар хууль гаргах;
12.1.11.орон нутгийн цэргийг байгуулах шийдвэр гаргах;
12.1.12.Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хугацааг дайны байдлыг цуцлах хүртэл хойшлуулах эсэх тухай шийдвэр гаргах. /Энэ заалтад 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
12.2.Дайны байдлын үеийн онцгой нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Их Хурал шаардлагатай гэж үзвэл зарим бүрэн эрхээ Монгол Улсын Ерөнхийлөгчид шилжүүлж болно.
12.3.Монгол Улсын Их Хурал хуульд заасан бусад бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.