8 дугаар зүйл. Дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ

ДАЙНЫ БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

8 дугаар зүйл. Дайны байдлын үеийн үндсэн арга хэмжээ

8.1.Дайны байдлын үед дор дурдсан арга хэмжээг хэрэгжүүлнэ:

8.1.1.улс орныг ерөнхий төлөвлөгөөний дагуу дайны байдалд шилжүүлэх;

8.1.2.зэвсэгт хүчнийг бүх нийтийн буюу хэсэгчилсэн дайчилгаагаар өргөтгөн зохион байгуулах;

8.1.3.төрийн захиргааны төв, нутгийн захиргааны байгууллагыг дайны байдлын үеийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаанд шилжүүлэх;

8.1.4.дайны байдал тогтоосон нутаг дэвсгэрт дайны байдлын үеийн хууль тогтоомжийг мөрдүүлэх;

8.1.5.зэвсэгт хүчний хэвийн үйл ажиллагааг хангах, улс орны болон тухайн нутаг дэвсгэрийн эдийн засаг, хүн амын амьжиргааны зайлшгүй шаардлагатай нөхцөлийг бүрдүүлэхтэй холбогдсон тусгай дэглэм тогтоох;

8.1.6.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, барилга байгууламж, техник болон хүнс тэжээлийн нөөцийг нөхөх олговортойгоор дайчлах.

8.2.Энэ зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалтын дагуу тогтоох тусгай дэглэмийн хүрээнд Онц байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн заалтаас гадна дараахь арга хэмжээг хэрэгжүүлнэ:

8.2.1.ажил хаях, зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр хурал, цуглаан, жагсаал, нийтийг хамарсан бусад арга хэмжээ зохион байгуулахыг хориглох;

8.2.2.дайны байдлын үеийн хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн хуулийн этгээдийн үйл ажиллагааг хязгаарлах, зогсоох, байгууллагыг тараах;

8.2.3.иргэний тоо бүртгэл, мэдээлэлд хатуу хяналт тогтоож, шаардлагатай үед тээврийн хэрэгсэл, иргэдийн бие, орон сууцад үзлэг хийх, зэвсэг, галт хэрэглэл, хориглосон бусад эд зүйлийг хураах, сэжигтэй этгээдийг баривчлах, саатуулах;

8.2.4.өмчийн хэлбэр харгалзахгүйгээр байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны чиглэлийг өөрчлөх.

8.3.Иргэдийн эрх, эрх чөлөө, байгууллагын үйл ажиллагаанд энэ хууль, дайны байдлын үед мөрдөх бусад хууль тогтоомжид заагаагүй хязгаарлалт, дэг тогтоохыг хориглоно.

8.4.Дайны байдлын үеийн бусад арга хэмжээг хууль тогтоомжоор тогтоож болно.

Дайны байдлын үеийн батлан хамгаалах удирдлага

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.