12 дугаар зүйл. Хэрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг
12.1.Хэрэг гүйцэтгэгч дараахь эрх, үүрэгтэй:
12.1.1.шүүхийн шийдвэрийн дагуу хариуцагчийн эд хөрөнгийг битүүмжлэх;
12.1.2.хариуцагчийн эд хөрөнгө, холбогдох баримт бичгийг хамгаалалтанд авч, тооллого явуулах;
12.1.3.шаардлагатай тохиолдолд хариуцагчийн үйл ажиллагаанд баримтын шалгалт хийх ажлыг зохион байгуулах;
12.1.4.нэхэмжлэгчдийн хурлыг зарлан хуралдуулах;
12.1.5.шүүхээр шийдвэрлүүлэх асуудлаар шүүхэд хандах;
12.1.6.дампуурлын хэрэг үүсгэхээс өмнө байгуулсан гэрээ, хэлцлийг хянаж, энэ хуулийн 19, 20, Иргэний хуулийн 56-61 дүгээр зүйлд заасан гэрээ, хэлцлийг хүчингүйд тооцуулах, өөрчлүүлэх, цуцлуулах эсэх асуудлыг нэхэмжлэгчдийн хуралд оруулах;
/Энэ заалтад 2002 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
12.1.7.тусгай данс нээж хариуцагчийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэх;
12.1.8.хариуцагчийн нэрийн өмнөөс нэхэмжлэгчдийн хурлаас олгосон эрхийн хүрээнд бусадтай гэрээ, хэлцэл байгуулах;
12.1.9.шаардлагатай мэдээ баримтыг хариуцагчаас гаргуулан авах;
12.1.10.хариуцагчийн талаар гаргасан өөрийн дүгнэлтийг холбогдох этгээдүүдэд танилцуулах;
12.1.11.хариуцагчийн эд хөрөнгийг үнэлэх;
12.1.12.нэхэмжлэгчдийн тогтоосон цалин хөлсний хэмжээнд багтаан өөрт туслагчийг хөлсөөр ажиллуулах;
12.1.13.Иргэний хууль болон энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан журмын дагуу хариуцагчийн эд хөрөнгийг худалдах;
12.1.14.хуульд заасан бусад эрх, үүрэг.
12.2.Хуурч мэхлэх, хайхрамжгүй хандах зэрэг хууль бус үйл ажиллагааны улмаас хариуцагчид ямар нэгэн хохирол учруулбал хэрэг гүйцэтгэгч уг хохирлыг биечлэн хариуцна.
12.3.Дампуурлын хэргийн оролцогчид хэрэг гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбогдуулан шүүхэд гомдол гаргах, шүүх хэрэг гүйцэтгэгчийг өөрчлөх эрхтэй.