11 дугаар зүйл. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч түүний үүрэг

ЖАГСААЛ, ЦУГЛААН ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

11 дугаар зүйл. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч түүний үүрэг

1. Жагсаал, цуглааныг санаачлагч улс төрийн нам, төрийн бус байгууллага уг арга хэмжээнээс үүсэх үр дагаврыг биечлэн хариуцах үүрэг бүхий зохион байгуулагчийг албан ёсоор томилж, энэ тухай итгэмжлэлийг жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд хавсаргана.

/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/

2. Жагсаал, цуглааныг санаачлагч иргэнийг уг жагсаал, цуглааныг зохион байгуулагч гэж үзнэ.

З. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч дараахь үүрэг хүлээнэ:

1/ жагсаал, цуглаан хийх газарт нийгмийн хэв журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах;

2/ хот, суурин газрын нийтийн аж ахуй, зүлэг, таримал, бусдын өмч хөрөнгөд хохирол учруулахгүй байх, жагсаал, цуглааны дараа гудамж, талбайг цэвэрлэж хэвийн байдалд оруулах;

3/ халуун, хүйтэн зэвсэг, хорт болон тэсэрч дэлбэрэх бодис, орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц аливаа зүйл, амьтан авч явж болохгүйг жагсаал, цуглаанд оролцогчдод урьдчилан анхааруулж тийм тохиолдол илэрвэл холбогдох байгууллагад нэн даруй мэдэгдэж шаардлагатай арга хэмжээ авахуулах;

4/ жагсаал, цуглааны явцад аливаа хэлбэрээр хүч үл хэрэглэх, төр, байгууллага, хувь хүний хуулиар хамгаалагдсан нууцыг задруулахгүй байх, бусдын нэр төр, алдар хүндийг гутаан доромжлохгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэ заалт зөрчигдөхөд хүрвэл нэн даруй таслан зогсоох буюу холбогдох байгууллагад мэдэгдэх;

5/ согтууруулах ундаа, мансууруулах буюу хорт бодис хэрэглэсэн болон сэтгэцийн өвчтэй хүмүүсийг жагсаал, цуглаанд оролцуулахгүй байх, жагсаал, цуглааны явцад согтууруулах ундаа хэрэглүүлэхгүй байх;

/Энэ заалтад Үндсэн хуулийн цэцийн 1996 оны 01 тоот тогтоолоор өөрчлөлт орсон/.

6/ жагсаал, цуглааны үеэр гудамж, замын хөдөлгөөнийг бүслэн хаах, аливаа байгууллагын хэвийн ажиллагааг алдагдуулах, дотоод хэрэгт нь оролцоход чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байхыг оролцогчдод урьдчилан анхааруулж, энэхүү шаардлагыг чандлан сахиулах;

7/ жагсаал, цуглаанд оролцуулахын тулд бусдыг эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, шахалт дарамт үзүүлэх болон бусад хэлбэрээр албадахгүй байх.

8/Нийслэл Улаанбаатар хотын Сүхбаатарын талбайд жагсаал, цуглаан зохион байгуулахдаа гэр, майхан, бусад түр орогнох байр барих болон хоноглохгүй байх, түүнчлэн бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсөг нэвтрүүлэхгүй байх.

/Энэ заалтыг 2006 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн хуулиар нэмсэн/

4. Жагсаал, цуглааныг зохион байгуулагч энэ зүйлийн З дахь хэсгийн заалтыг зөрчсөн бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.