9 дугаар зүйл. Жагсаал, цуглаан хийх журам
1. Гудамж, талбайд жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг сум, дүүргийн Засаг даргад өгч бүртгүүлнэ. Жагсаал, цуглаан хийхээр төлөвлөсөн гудамж, талбай нь хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн хилийн цэст хамаарах газар нутгийг хамарч байгаа бол мэдэгдлийг аймаг, нийслэлийн Засаг даргад өгч бүртгүүлнэ.
/Энэ хэсгийг 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
2. Жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдэлд түүний зорилго, эхлэх, дуусах хугацаа, оролцогчдын баримжаа тоо, хэрэглэх техник хэрэгсэл, цуглах, жагсан явах гудамж, талбай зэргийг тодорхой заана.
З. Засаг дарга жагсаал, цуглаан хийх тухай мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор түүнийг бүртгэсэн эсэхээ бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэнэ. /Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт орсон./
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
4. Жагсаал, цуглаан хийх мэдэгдлийг бүртгэх эсэх тухай асуудлыг шийдвэрлэхийн тулд нэмж тодруулах буюу зохицуулбал зохих асуудал гарвал Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор зохион байгуулагчтай харилцаж зохицуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд жагсан явах чиглэлийг өөрчлөх эрхтэй.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
5. Засаг дарга энэ зүйлийн З дахь хэсэгт заасан хугацааны дотор хариу мэдэгдээгүй бол зохион байгуулагч нь мэдэгдэлд дурдсан газарт, түүнд заасан хугацааны дотор жагсаал, цуглааныг зохион байгуулах эрхтэй.
6. Засаг даргад бүртгүүлсний дараа жагсаал, цуглаан хийх талаар зарлан мэдэгдэнэ. Энэхүү заалт энэ зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу жагсаал, цуглаан зохион байгуулахад үл хамаарна.
/Энэ хэсэгт 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/