13 дугаар зүйл. Жолоочийн хүлээх үүрэг
13.1.Даатгалын тохиолдол гаргасан бол даатгуулагч дараах үүрэгтэй:
13.1.1.жолоочийн даатгалд даатгуулсан тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.1.2.даатгалын тохиолдол гарсан талаар даатгагч, цагдаагийн байгууллагад мэдэгдэх, даатгалын баталгааг шалгуулах;
13.1.3.даатгалын тохиолдол болон нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай мэдээллийг даатгагчийн болон эрх бүхий этгээдийн шаардсан хугацаанд гаргаж өгөх;
13.1.4.даатгагч нь дампуурсан бол шуурхай албанд болон шаардлагатай тохиолдолд цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
13.2.Даатгалын тохиолдол гаргасан даатгуулаагүй жолооч дараах үүрэг хүлээнэ:
13.2.1.жолоочийн даатгалд даатгуулаагүй тухайгаа хохирогчид мэдэгдэх;
13.2.2.даатгалын тохиолдлын талаар шуурхай алба, цагдаагийн байгууллагад мэдэгдэх.
13.3.Энэ хуулийн 13.1, 13.2-т заасан этгээд нь даатгалын тохиолдлын тодорхойлолтын маягтыг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр даатгалын тохиолдол гарсан даруйд бөглөнө. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
13.4.Даатгалын тохиолдлын улмаас учирсан хохирлыг тухайн даатгалын тохиолдол гарсан даруйд нөхөн төлөхөөр жолооч хохирогчтой тохиролцсон бол даатгагчид энэ тухайгаа мэдэгдэх бөгөөд даатгагчаас эргэн төлүүлэхээр даатгагчийн зааврын дагуу хохирлыг жолооч барагдуулж болно.
13.5.Даатгуулагч энэ хуулийн 13.1, 13.4-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг даатгуулагч өөрөө хариуцна.
13.6.Даатгуулаагүй жолооч энэ хуулийн 13.2-т заасан үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр биелүүлээгүйн улмаас үүсэх үр дагаврыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцахгүй бөгөөд хохирлыг жолооч өөрөө хариуцна.
13.7.Даатгуулагч энэ хуулийн 16.6-д заасан тохиолдолд энэ хуулийн 13.1.2-т заасан цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүргээс чөлөөлөгдөнө. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./