16 дугаар зүйл. Даатгалын тохиолдлыг шалгах
16.1.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, даатгуулагч өргөдөл гаргаснаас хойш 3 хоногийн дотор даатгалын тохиолдлыг шалгаж, даатгалын хохирол үнэлэгчийг томилох үүрэгтэй.
16.2.Даатгалын тохиолдол болсон газар нутгийн байршлыг харгалзан даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хугацааг хохирогч, даатгуулагчийн зөвшөөрлийн дагуу 10 хүртэл хоногоор сунгаж болно.
16.3.Хуульд заасан эрх бүхий этгээд, эсхүл даатгалын хохирол үнэлэгч нь даатгалын тохиолдлыг шалгах, хохирлын хэмжээг тогтоох зорилгоор тухайн автотээврийн хэрэгсэлд техникийн үзлэг хийж болно.
16.4.Даатгагч, жолоочийн даатгалын сангийн төлөөлөгч нь энэ хуулийн 16.1-д заасан хугацаанд даатгалын тохиолдлыг шалгаагүй, эсхүл даатгалын хохирол үнэлэгчийг томилоогүй бол даатгуулагч, жолооч, хохирогч нь Даатгалын мэргэжлийн оролцогчийн тухай хуулийн 3.2.4-т заасан даатгалын хохирол үнэлэгч этгээдэд хандах эрхтэй.
16.5.Даатгалын гэрээнд өөрөөр заагаагүй бол даатгалын тохиолдлыг шалгах, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох, хохирлыг үнэлэхтэй холбогдон гарах зардлыг даатгагч, жолоочийн даатгалын сан хариуцна.
16.6.Даатгалын тохиолдлын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохироогүй, холбогдогч талуудын тээврийн хэрэгслээс бусад эд хөрөнгийн хохиролгүй, холбогдогч талууд өөр хоорондоо маргаангүй тохиолдолд даатгагч, жолоочийн даатгалын сан нь даатгалын тохиолдлын талаарх мэдээлэл, баримтыг цахимаар даатгуулагч болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1.6-д заасан автоматжуулсан системээс хүлээн авч, нөхөн төлбөрийг шийдвэрлэнэ. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
16.7.Энэ хуулийн 16.6-д заасан тохиолдолд даатгагч энэ хуулийн 15.2-т заасан үүргээс чөлөөлөгдөх ба хохирогчийн эд хөрөнгөд учирсан хохирлыг барагдуулахдаа үнэлгээний тайлан шаардахгүйгээр эд хөрөнгийг засуулахаар тохиролцож болно. /Энэ хэсгийг 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хуулиар нэмсэн./