17 дугаар зүйл. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйл ажиллагаа, виртуал хөрөнгө, үнэт цаасны зар сурталчилгаа /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

17 дугаар зүйл. Банк, санхүү, хөрөнгө оруулалтын сан, даатгалын үйл ажиллагаа, виртуал хөрөнгө, үнэт цаасны зар сурталчилгаа /Энэ зүйлийн гарчигт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

17.1.Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаа нь тухайн банкны төлбөрийн чадварын болон банкны хуулиар заагдсан бусад үзүүлэлтүүдэд үндэслэсэн, үнэн зөв байна. Банкны үйл ажиллагааны зар сурталчилгаанд мөнгөн хадгаламжийн гэрээний гол нөхцлүүдийн талаар заавал мэдээлнэ.

17.2.Хөрөнгө оруулалтын сан, үнэт цаасны зах зээлд зохицуулалттай үйл ажиллагаа эрхэлж байгаа этгээд болон үнэт цаас гаргагч, банк, санхүү, даатгалын болон бусдын мөнгөн хөрөнгийг ашиглах, захиран зарцуулахтай холбоотой бусад үйлчилгээ, үйл ажиллагаа, түүнчлэн үнэт цаасны зар сурталчилгааг бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээхэд дараахь зүйлийг хориглоно: /Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

17.2.1.сурталчилж буй бүтээгдэхүүнд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах;

17.2.2.нэрийн үнэт цаасны төрөлд хамаарах энгийн хувьцаанд төлөх ногдол ашгийн тодорхой хувь хэмжээг заах;

17.2.3.үнэт цаасны танилцуулгад Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрөлгүйгээр өөрчлөлт оруулсан, дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулсан, эсхүл Санхүүгийн зохицуулах хороонд бүртгүүлээгүй буюу бүртгэхээс татгалзсан, түүнчлэн бүртгэлийг хүчингүй болгосон үнэт цаасыг нийтэд сурталчилсан; /Энэ заалтыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.2.4.үнэт цаас гаргагчийн үйл ажиллагааны үр дүнд олох ашиг, үнэт цаасны ногдол ашиг, өгөөжийн талаар үндэслэлгүй таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

17.2.5.зохих журмын дагуу тухайн үйл ажиллагааг эрхлэх эрх, эсхүл зөвшөөрлийг авахгүйгээр буюу хуулиар хориглосон төрөл, хэлбэрээр санхүүгийн үйлчилгээг үзүүлэх тухай сурталчилах.

/Энэ заалтыг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар нэмсэн/

17.3.Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн үйл ажиллагаа болон виртуал хөрөнгөтэй холбоотой зар сурталчилгааг захиалах, бүтээх, тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах, түгээхэд дараах зүйлийг хориглоно: /Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.1.сурталчилж байгаа виртуал хөрөнгөд шууд хамаарахгүй тоон мэдээ, үзүүлэлтийг ашиглах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.2.нийтэд санал болгох, худалдах виртуал хөрөнгийн талаарх танилцуулга, мэдээлэлд дутуу, худал, төөрөгдүүлсэн мэдээлэл тусгаж нийтэд танилцуулах, эсхүл хязгаарлалт тогтоосон виртуал хөрөнгийг сурталчлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.3.виртуал хөрөнгийг эзэмших, арилжаанд оролцсоноор олох ашиг, өгөөжийн талаар таамаглал дэвшүүлэх, амлалт өгөх; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.4.хуульд заасны дагуу виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр бүртгүүлээгүй этгээд виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдах тухай сурталчлах; /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

17.3.5.виртуал хөрөнгийг үнэт цаас, компанийн хувьцаа болон бусад санхүүгийн хэрэгсэл, үйлчилгээтэй адилтган сурталчлах. /Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар нэмсэн./

Зар сурталчилгаа захиалагч, бүтээгч, түгээгчийн эрх, үүрэг

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.