24 дугаар зүйл. Төрөөс зар сурталчилгаанд тавих хяналт
24.1.Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.2.Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь зар сурталчилгаанд тавих хяналттай холбогдуулан дараахь үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.2.1.зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих;
24.2.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчигдсөн эсэхийг тогтоож, холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
24.2.3.хууль бус зар сурталчилгаанаас хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах.
24.3.Оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаас гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.3.1.өөрийн санаачилгаар, эсхүл бусад этгээдээс ирүүлсэн санал, хүсэлт, шаардлага, мэдээллийг судалсны үндсэн дээр зар сурталчилгаа захиалах, бүтээх, түгээх ажилд шалгалт хийх;
24.3.2.тухайн нутаг дэвсгэрийн хэмжээнд зар сурталчилгаанд хяналт тавих орон нутгийн байгууллага, албан тушаалтныг арга зүйн удирдлагаар хангаж;
24.3.3.зар сурталчилгаа бүтээх, байрлуулах, түгээхэд баримтлах зөвлөмж, гэрээний үлгэрчилсэн загварыг батлах;
24.3.4.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг түдгэлзүүлэх, эсхүл цуцлах саналыг уг зөвшөөрлийг олгосон эрх бүхий байгууллагад тавих; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.3.5.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөнтэй холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргах;
24.3.6.тухайн зар сурталчилгаа хуульд заасан шаардлагыг зөрчсөн эсэхийг тогтоох, түүнийг бүтээх, түгээхийг түдгэлзүүлэх, зөрчлийг арилгахыг шаардах.
24.3.7.хуульд заасан бусад бүрэн эрх.
24.4.Оюуны өмчийн улсын хяналтын албаны байцаагч, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д зааснаас гадна дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ:
/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
/Энэ хэсэгт 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан/
24.4.1.зар сурталчилгааг хуульд заасан шаардлагад нийцүүлэхийг шаардах;
24.4.2.зар сурталчилгааны тухай хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд холбогдох баримт бичгийг эрх бүхий байгууллагад шилжүүлж шийдвэрлүүлэх;
24.4.3.илрүүлсэн зөрчлийг таслан зогсоох, арилгах арга хэмжээ авахдаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
24.4.4.хууль тогтоомж зөрчсөн зар сурталчилгааг түгээхийг зогсоох;
24.4.5.зар сурталчилгааны тухай хууль зөрчигчид холбогдох хуульд заасан хариуцлага оногдуулах;
/Энэ заалтад 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
24.4.6. хуульд заасан бусад эрх, үүрэг.
24.5.Тухайн орон нутгийн хэмжээнд мэдээлэл тараадаг мэдээлэх хэрэгслээр түгээсэн зар сурталчилгаанд аймаг, нийслэлийн Засаг дарга, түүний томилсон байцаагч хяналт тавих бөгөөд энэ хуулийн 24.4-д заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ.
24.6.Зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийн биелэлтэд эм, био бэлдмэл, эрүүл ахуй, байгаль орчин, барилга, тээвэр, гааль, татвар, худалдаа, үйлчилгээ зэрэг холбогдох хяналт шалгалт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага, нутгийн захиргааны байгууллага, түүнчлэн энэ хуулийн 6.2-т заасан зөвшөөрлийг олгосон байгууллага тус тусын чиг үүргийн дагуу хяналт тавих, бүрэн эрхийнхээ хүрээнд арга хэмжээ авах үүрэгтэй. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
24.7.Энэ хуулийн 24.6-д заасан хяналтын алба, байгууллага нь зар сурталчилгааны тухай хууль тогтоомжийг зөрчсөн тухай мэдээллийг тодорхой үндэслэл, саналын хамт зар сурталчилгаанд хяналт тавих эрх бүхий байгууллагад шуурхай ирүүлэх үүрэгтэй.