6 дугаар зүйл. Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд тавих ерөнхий шаардлага
6.1.Зар сурталчилгаа нь үнэн, хэрэглэгчдэд хүртээмжтэй байж, агуулга, хэлбэр, түүнийг түгээж байгаа арга хэрэгслээс үл хамааран зар сурталчилгаа гэж ойлгогдохоор байна.
6.2.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаатай холбоотой бичмэл зар сурталчилгаанд зөвшөөрөл олгосон эрх бүхий байгууллагын нэр, зөвшөөрлийн дугаарыг тусгасан байна. /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсэгт 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.3.Зар сурталчилгаанд статистик мэдээ, судалгааны дүн, баримтыг ашиглахдаа тухайн эх сурвалжийг нь заавал тусгасан байна.
6.4.Xортой, галын аюултай барааны зар сурталчилгаанд тухайн барааны эдгээр шинж чанарын талаар заасан байна.
6.5.Зар сурталчилгаа бүтээх, түгээхэд дараах зүйлийг хориглоно:
6.5.1.зөвшөөрөл аваагүй тохиолдолд тусгай зөвшөөрөлтэйгээр эрхлэх үйл ажиллагааны талаар аливаа зар сурталчилгаа явуулах; /Энэ заалтад 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
6.5.2.Монгол Улсын хууль тогтоомжоор үйлдвэрлэх, худалдах, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон бүтээгдэхүүнийг сурталчлах;
6.5.3.тарифын бус хязгаарлалт тогтоосон барааг сурталчлах;
6.5.4.хуульд заасны дагуу чанар, стандарт, эрүүл ахуйн баталгаажуулалтад заавал хамруулах бүтээгдэхүүнийг ийнхүү баталгаажуулаагүй бол сурталчлах;
6.5.5.Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчих үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;
6.5.6.хуульд заасны дагуу байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийх төслийг үнэлгээ хийлгэхээс өмнө, эсхүл үнэлгээ хийгдсэн боловч төслийг хэрэгжүүлэх боломжгүй гэсэн дүгнэлт гарсан бол уг төслийг сурталчлах;
6.5.7.айдас төрүүлэх, хүчирхийлэл, садар самуунд уруу татах, түүнчлэн хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдалд гэм хор учруулах үйлдэл, үйл ажиллагаанд хүргэж болох зар сурталчилгааг;
6.5.8.хуулиар сурталчлахыг хориглосон бараа, ажил, үйлчилгээг сурталчилах.