9 дугаар зүйл. Гадна зар сурталчилгаа /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ЗАР СУРТАЛЧИЛГААНЫ ТУХАЙ · хүчин төгөлдөр

9 дугаар зүйл. Гадна зар сурталчилгаа /Энэ зүйлийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.Гадна зар сурталчилгаанд нийтийн эзэмшлийн барилга байгууламж, зам, гудамж, талбайд самбар, гэрэл дохио, гэрэлтүүлэг болон хөдөлгөөнгүй бусад хэрэгслийн тусламжтайгаар байрлуулах зар сурталчилгаа хамаарна. Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.12-т заасны дагуу гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг тухайн аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар олгоно. /Энэ хэсэгт 2022 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./ /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрлийг олгох, сунгах, хүчингүй болгохтой холбогдсон харилцааг Зөвшөөрлийн тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.Гадна зар сурталчилгаа байрлуулах зөвшөөрөл хүссэн өргөдөлд Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд зааснаас гадна дараах баримт бичгийг хавсаргана: /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.1.гадна зар сурталчилгаа байрлуулах байршил, солбицлын цэг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.2.гадна зар сурталчилгааны байгууламжийн ангилал, төрөл, тоо, хэмжээ, ажлын зураг; /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.3.3.орон сууцны зориулалттай барилгын цонхгүй цул хана, дээвэрт сурталчилгааны байгууламж байрлуулах бол тухайн сурталчилгаа байрлуулах хэсэгт хамааралтай орон сууц өмчлөгчдийн энгийн олонх зөвшөөрснийг баталсан сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн хурлын тогтоол. /Энэ заалтыг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.4.Гадна зар сурталчилгаа байрлуулахыг хориглох байршил, тухайн нутаг дэвсгэрт байрлуулах гадна зар сурталчилгааны өнгө, үзэмж, хэлбэр, аюулгүй ажиллагааны болон стандартын нийтлэг шаардлагыг тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллага тогтоож болно. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.5.Энэ хуулийн 9.1-д заасан зөвшөөрөлд тавигдах нөхцөл, шаардлагыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар батална. /Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.