5 дугаар зүйл. Агентлаг байгуулах

ЗАСГИЙН ГАЗРЫН АГЕНТЛАГИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ · хүчин төгөлдөр

5 дугаар зүйл. Агентлаг байгуулах

5.1.Хуульд өөрөөр заагаагүй бол агентлагийг Улсын Их Хурлаас зөвшөөрсөн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу тухайн үйл ажиллагааны зохих хүрээ, Ерөнхий сайд, сайд /цаашид "сайд"гэх/-ын саналыг үндэслэн Засгийн газар байгуулна.

5.2.Сайд агентлаг байгуулах тухай саналдаа дараахь үндэслэлийг тусгана:

5.2.1.тухайн агентлаг нь төрөөс зайлшгүй хэрэгжүүлэх чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээг хэрэгжүүлэх үндэслэл;

5.2.2.тухайн агентлагийн үйл ажиллагаа Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэмжээнд хэрэгжих;

5.2.3.агентлагийн үйл ажиллагаа төрийн захиргааны бусад байгууллагын чиг үүрэг, үйлчилгээтэй давхардахгүй байх.

5.3. Агентлаг байгуулах тухай саналд дор дурдсан баримт бичгийг хавсаргана:

5.3.1.үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалт, бүтцийн хөтөлбөрийн төсөл;

5.3.2. жилийн төсөв, санхүүжилтийн эх үүсвэрийн тухай танилцуулга, холбогдох тооцоо, судалгаа.

5.4.Засгийн газар нь агентлаг байгуулах зайлшгүй шаардлагатай эсэх талаар дүгнэлт гаргуулахаар ажлын хэсэг байгуулж болно.

5.5. Засгийн газар тухайн агентлагийг байгуулах шаардлагатай гэж үзвэл төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчид холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах саналаа Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ.

5.6.Агентлагийн чиг үүрэг, үзүүлэх үйлчилгээ, үйл ажиллагааны хамрах хүрээг харгалзан түүний байршлыг Засгийн газар тогтооно.

/Энэ хэсгийг 2012 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн хуулиар нэмсэн/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.