154 дугаар зүйл. Барьцааны зүйл

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

154 дугаар зүйл. Барьцааны зүйл

154.1.Хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, бусдын өмчлөлд шилжүүлж болох эд хөрөнгийн эрх барьцааны зүйл байна.

154.2.Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны зүйл нь шаардах эрх байсан бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанаас өмнө гүйцэтгэсэн бол энэхүү гүйцэтгэл нь барьцааны зүйл болно.

/Энэ хэсэгт 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

154.3.Барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.

/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн, энэ хэсгийн 2 дах өгүүлбэрийг Yндсэн хуулийн Цэцийн 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 02 дугаар тогтоолоор хүчингүй болгосон/

154.4.Барьцааны зүйл нь ирээдүйд бий болох хөрөнгө байж болно. Энэ тохиолдолд тухайн хөрөнгө бий болж, барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүснэ.

/Энэ хэсгийг 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн/

154.5.Энэ хуульд заасан тохиолдолд барьцааны нэг зүйлийг хэд хэдэн этгээдэд барьцаалж болох бөгөөд энэ тохиолдолд шаардлагыг барьцааны гэрээг байгуулсан дарааллаар хангана.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

154.6.Тухайн хөрөнгийг эзэмшиж байсан боловч барьцаалах эрхгүй этгээд нь эзэмших эрхийг гэрчилсэн баримт бичгийг шилжүүлэх замаар тухайн хөрөнгийг барьцаалуулсан тохиолдолд барьцаалагч нь барьцаалуулагчийн барьцаалах эрхгүй болохыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан бол барьцаалагчийг шударга эзэмшигч гэж үзнэ.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

154.7.Энэ хуулийн 154.4-т заасан барьцаалагч нь шударга эзэмшигчийн хувьд бусад гуравдагч этгээдээс давуу эрхтэй байна.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

154.8.Барьцааны зүйлийг солих зорилгоор барьцааны гэрээг талууд тохиролцон өөрчилж болно.

/Энэ хэсгийн дугаарт 2005 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.