207 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгэх газар
207.1.Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй, үүргийн мөн чанарт харшлахгүй бол үүрэг гүйцэтгэх газрыг дараахь байдлаар тодорхойлно:
207.1.1.үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдсон үүргийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа газарт;
207.1.2.эд хөрөнгө тээвэрлэх үүргийг уул эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч буюу эрх бүхий этгээдэд хүргүүлэхээр анхны тээвэрлэгчид хүлээлгэн өгсөн газар;
207.1.3.мөнгөн төлбөрийн үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар, харин үүрэг гүйцэтгүүлэгч дээрх газраа өөрчилсөн тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдсэн бол түүний шинээр оршин суугаа /оршин байгаа/ газар;
207.1.4.бусад бүх үүргийг үүрэг гүйцэтгэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газар.
207.2.Энэ хуулийн 207.1.3-т заасан тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн оршин суугаа /оршин байгаа/ газрын хаягаар мөнгийг илгээхээр банк, түүнтэй адилтгах бусад байгууллагад шилжүүлснээр үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэнд тооцно.
207.3.Үүрэг гүйцэтгэхээс өмнө үүрэг гүйцэтгүүлэгч, эсхүл үүрэг гүйцэтгэгч оршин суугаа /оршин байгаа/ газраа өөрчилсөн тухай нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй байсан тохиолдолд шинэ газар үүрэг гүйцэтгэх буюу үүргийн гүйцэтгэлийг хүлээн авахтай холбогдон гарсан зардлыг шилжсэн тал нь нөхөн төлж, эрсдэлийг хариуцна.