24 дугаар зүйл. Иргэнийг нас барсан гэж зарлах

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

24 дугаар зүйл. Иргэнийг нас барсан гэж зарлах

24.1.Иргэн оршин суугаа газраасаа алга болсноос хойш таван жилийн хугацаанд хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй болсон, эсхүл амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсноос хойш нэг жилийн турш амьд байгаа эсэх нь мэдэгдэхгүй байгаа бол сонирхогч этгээдийн хүсэлтээр шүүх түүнийг нас барсан гэж зарлаж болно.

24.2.Байлдааны ажиллагаанд оролцож яваад сураггүй алга болсон этгээдийг уг ажиллагаа дууссан өдрөөс хойш хоёр жил өнгөрсний дараа шүүхээс нас барсан гэж зарлаж болно.

24.3.Иргэнийг нас барсанд тооцсон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж үзнэ.

24.4.Амь үрэгдэж болох нөхцөл байдалд алга болсон иргэнийг нас барсан гэж зарласан бол шүүх түүний нас барсан байж болох өдрийг уг этгээдийн нас барсан өдөр гэж тооцож болно.

24.5.Нас барсан гэж зарлагдсан этгээдийн хөрөнгийг өвийн журмаар бусдад шилжүүлнэ.

24.6.Нас барсан гэж зарлагдсан этгээд эргэж ирэх буюу байгаа газар нь тогтоогдсон бол шүүх урьд гаргасан шийдвэрийг хүчингүй болгоно.

24.7.Нас барсан гэж зарлагдаад эргэж ирсэн этгээд өвлөх болон бусад хэлбэрээр бусдад үнэ төлбөргүй шилжсэн бэлэн байгаа эд хөрөнгөө буцаан авахаар шаардах эрхтэй. Энэ журмаар төрийн өмчлөлд шилжсэн эд хөрөнгийг өмчлөгчид буцаан олгох боломжгүй бол үнийг нь нөхөн төлнө.

24.8.Нас барсан гэж зарласан шүүхийн шийдвэр хүчингүй болсон нь тухайн этгээдийн эхнэр, нөхрийн шинээр гэрлэсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл болохгүй.

Хуулийн этгээд

Нэгдүгээр дэд бүлэг

Нийтлэг үндэслэл

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.