32 дугаар зүйл. Хуулийн этгээдийг татан буулгах
32.1.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг дараахь үндэслэлээр татан буулгана:
/Энэ хэсэгт 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.1.1.өмчлөгч буюу түүнээс эрх олгосон байгууллагын шийдвэр, түүнчлэн хуулийн этгээдийн үүсгэн байгуулах баримт бичгээр эрх олгосон байгууллагын шийдвэр гарсан;
32.1.2.дампуурсанд тооцсон, хуулийг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, хуульд заасан бусад үндэслэлээр татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарсан;
32.1.3.үйл ажиллагаагаа явуулах хугацаа дууссан буюу зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх шаардлагагүй гэсэн өөрийнх нь шийдвэр гарсан;
32.1.4.хуулийн этгээдийг үүсгэн байгуулсан эрх бүхий байгууллагын шийдвэр гарсан;
32.1.5.хуульд заасан бусад үндэслэл.
32.2.Татан буулгах ажлыг энэ тухай шийдвэр гаргасан байгууллагаас томилсон комисс эрхлэн гүйцэтгэнэ.
32.3.Татан буулгах комисс нь хуулийн этгээд татан буугдсан тухай нийтэд мэдээлнэ.
32.4.Татан буулгах комиссоос нэхэмжлэгчдийн өргөдөл хүлээн авах хугацаа нь хуулийн этгээдийг татан буугдсан тухай нийтэд мэдээлснээс хойш хоёр сараас багагүй, зургаан сараас ихгүй байна.
32.5.Хуульд өөрөөр заагаагүй бол татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг дараахь дарааллаар хангана:
/Энэ хэсэгт 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.5.1.бусдын амь нас, эрүүл мэндэд учруулсан гэм хорыг арилгуулах, татварын өрийг хураах болон шүүхийн шийдвэрээр гаргуулах бусад төлбөр;
/Энэ заалтад 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./
32.5.2.хэрэг гүйцэтгэгч буюу татан буулгах комисс, тэдгээртэй адилтгах бусад этгээдийн эрх, үүргийнхээ хүрээнд гүйцэтгэсэн үйл ажиллагааны зардал;
32.5.3.дампуурлын үед хариуцагчийг дахин хөрөнгөжүүлэх явцад байгуулсан гэрээ, хэлцлийн дагуу гаргасан шаардлага;
32.5.4.хадгаламжийн албан журмын даатгалын нөхөн төлбөр;
/Энэ заалтыг 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар нэмсэн/
32.5.5.хадгаламж эзэмшигчийн мөнгөн хөрөнгө;
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.5.6.хөдөлмөрийн гэрээгээр ажиллагсдад төлөх хөдөлмөрийн хөлс;
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.5.7.хууль тогтоомжид заасны дагуу бусад этгээдтэй хийх тооцоо.
/Энэ заалтын дугаарт 2013 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
32.6.Татан буугдаж байгаа хуулийн этгээдэд холбогдох шаардлагыг хангахдаа эхний дарааллын төлбөрийг бүрэн барагдуулсны дараа түүний дараагийн дарааллын төлбөрийн шаардлагыг хангах зарчмыг баримтална.
32.7.Хуулийн этгээдэд байгаа мөнгөн хөрөнгө нь харилцагчдын шаардлагыг хангахад хүрэлцэхгүй бол татан буулгах комисс түүний бусад эд хөрөнгийг хуульд заасан журмын дагуу худалдаж, төлбөрийг барагдуулж болно.
32.8.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгө төлбөр төлөхөд хүрэлцэхгүй бол түүний эд хөрөнгийг төлбөл зохих төлбөрийн хэмжээнд хувь тэнцүүлэн зохих дарааллын дагуу харилцагчдад хуваарилна.
32.9.Харилцагчдын шаардлагыг хангасны дараа үлдсэн эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчид, хууль буюу дүрэмд заасан бол эрх бүхий этгээдэд шилжүүлнэ.
32.10.Татан буугдаж байгаа хуулийн этгээдийн эд хөрөнгийг хүлээж авах этгээд байхгүй бол төрийн өмчлөлд шилжүүлнэ.
32.11.Бүртгэх байгууллага хуулийн этгээдийг улсын бүртгэлээс хассан тухай нийтэд мэдээлнэ.
32.12.Хуульд өөрөөр заагаагүй бол хуулийн этгээдийг татан буулгахад энэ зүйлийг баримтална.
/Энэ хэсгийг 2010 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн хуулиар нэмсэн/
Хоёрдугаар дэд бүлэг
Хуулийн этгээдийн төрөл