431 дугаар зүйл. Даатгалын гэрээ
431.1.Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүргийг тус тус хүлээнэ.
431.2.Даатгалын зүйл нь эд хөрөнгө, иргэдийн амь нас, эрүүл мэнд, түүнчлэн хуульд харшлаагүй эдийн бус ашиг сонирхол байна.
431.3.Хуульд өөрөөр заагаагүй бол даатгалын гэрээг бичгээр хийх бөгөөд энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.
/Энэ хэсэгт 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
431.4.Даатгалын гэрээнд дараахь нөхцөлийг тусгана:
431.4.1.даатгалын зүйл;
431.4.2.даатгалын эрсдэлийн төрөл;
431.4.3.даатгалын үнэлгээний хэмжээ;
431.4.4.даатгалын хугацаа, түүнийг дахин сунгах нөхцөл;
431.4.5.даатгалын хураамжийн хэмжээ, түүнийг төлөх хугацаа;
431.4.6.даатгагч, даатгуулагчийн эрх, үүрэг, хариуцлага;
431.4.7.гэрээг дүгнэх, цуцлах, түүнд өөрчлөлт оруулах нөхцөл.