439 дугаар зүйл. Даатгалын тохиолдол бий болох үед даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

439 дугаар зүйл. Даатгалын тохиолдол бий болох үед даатгагч, даатгуулагчийн хүлээх үүрэг

439.1.Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.

439.2.Даатгалын тохиолдол бий болсон үед даатгагч даатгалын тохиолдол буюу нөхөн төлбөрийн хэмжээг тогтооход шаардлагатай аливаа мэдээг даатгуулагчаас шаардах эрхтэй.

439.3.Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсныг мэдээлэх үүргээ биелүүлээгүй боловч энэ нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол даатгагч үүргээс чөлөөлөгдөхгүй.

439.4.Даатгалын тохиолдол бий болж, даатгагчийн төлбөл зохих нөхөн төлбөрийн хэмжээг тогтоосны дараа даатгагч үүргээ гүйцэтгэх үүрэгтэй.

439.5.Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болох үед аюулыг зайлуулах буюу хохирлыг багасгах арга хэмжээг даатгагчийн өгсөн зааврын дагуу авах бөгөөд үүнтэй холбогдон гарсан зардлыг даатгагч хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.