489 дугаар зүйл. Дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах

ИРГЭНИЙ ХУУЛЬ · хүчин төгөлдөр

489 дугаар зүйл. Дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах

489.1.Дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй.

489.2.Энэ хуулийн 489.1-д заасан эрхийг гэрээгээр эдлэхгүй гэж өмчлөгчид тохирсон, эсхүл хугацаагаар хязгаарласан байсан ч хүндэтгэн үзэх шаардлага гарвал энэхүү эрхийг хэрэгжүүлж болно.

489.3.Энэ хуулийн 489.2-т зааснаас өөрөөр дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхийг хязгаарласан, эдлэхгүйгээр заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байна.

489.4.Гэрээнд өөрөөр заагаагүй бол дундаа хэсгээр өмчлөгчдийн дундын өмчийн эрхийг хүчингүй болгох эрхийг тодорхой хугацаанд эдлэхгүйгээр тохиролцсон хэлцэл аль нэг өмчлөгч нас барснаар хүчингүй болно.

489.5.Дундын өмчлөлийн зүйлийн үнэ, өртгийг бууруулахгүйгээр өмчлөгчдөд оногдох хэсгийн дагуу хувааж болохоор бол өмчлөлийн зүйлийг биет байдлаар хуваасан гэж үзэж дундын өмчийн эрхийг хүчингүй болгоно.

489.6.Дундын өмчлөлийн зүйлийг биет байдлаар хувааж болохгүй бол энэ хуулийн 159 дүгээр зүйлд заасан журмын дагуу худалдах, эдэлбэр газар болон үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, олсон ашгийг хуваарилах замаар дундын өмчийн эрхийг дуусгавар болгож болно.

489.7.Дундын өмчлөлийн зүйлийг гуравдагч этгээдийн өмчлөлд шилжүүлж болохгүй тохиолдолд дундаа хэсгээр өмчлөгчдийн дунд дуудлага худалдаа явуулж худалдана.

489.8.Дундын өмчлөлийн зүйлийг энэ хуулийн 489.6, 489.7-д зааснаар худалдаж чадаагүй бол дундаа хэсгээр өмчлөгч нь дуудлага худалдааг давтан явуулахыг шаардах эрхтэй. Хоёр дахь дуудлага худалдаа үр дүнгүй болбол дуудлага худалдаа давтан явуулахыг шаардсан этгээд дуудлага худалдаа явуулахтай холбогдон гарсан зардлыг хариуцна.

Албан эх сурвалж: legalinfo.mn ↗

Энэ зүйл таны нөхцөлд хэрхэн хамаарахыг мэдмээр байна уу? Лавбоссоос асуугаарай.